“Прогноз” төвийнхөн ажилтнуудаа халаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Прогноз” төвийнхөн ажилтнуудаа халаагүй гэв

Саяхан өдөр тутмын зарим со­нинд ноцтой гэмээр материал олны өмнө дэлгэгдэж, судалгааны дарга сайд на­рыг сандаргав бололтой. Учир нь сон­гуулийн асуудлаар иргэ­дээс авсан судалгааг Нийгмийн ард­чиллын хүрээлэн буюу хуучнаар “Прогноз” тө­вийнхөн дотроосоо алдсан талаарх шуугиан зарим намын дарга нарыг сандаргасан гэхэд болно. Товчхондоо энэ нь Улаанбаатар хотын оршин суугчдаас улстөрчдийн бо­лон намуудын рейтингийн талаар авсан судалгаа байсан юм. Улмаар “Хэн судалгааны дүнгийн нууцыг задруулсан бэ” гэдэг асуулт урган гарч, дарга цэрэг нарыг хө­дөлгөөнд оруулсан гэх. Тий­мээс өчигдөр Нийгмийн ардчиллын хүрээ­лэнгийн буюу “Прогноз” төвийн С.Од­хүүгээс зарим зүйлийг талаар тодруулсан юм.

-Танай төв зарим ажилтнаа халсан гэх юм. Энэ үнэн үү? 

-Манай төв нэг ч ажилтнаа халаагүй. Ер нь энэ талаар хэвлэлүүдээр худал мэдээлэл  цацаж байгаад харамсаж  байна. Ямар ч үндэслэлгүй шахам хардалт, сэрдэлтээс  болж хэн нэг хүнийг ажлаас нь хална гэж юу байх вэ дээ. Энэ бүхэн худал мэдээлэл. Өнгөрсөн есдүгээр сард гаргасан судалгаа бол жирийн л судалгаа. Энд ямар ч нууж хаагаад байх зүйл байхгүй. Хэтрүүлэг гэж ойлгож болно. Магадгүй энэ бүхэн сонгуулийн өмнөх ээлжит таамаглал байж мэднэ гэсэн товч хариултыг өгсөн. Ямартай ч тус төвийн нэг ч ажилтан одоогийн байдлаар халагдаагүй байгаа нь тодорхой болов. Сонгуулийн өмнө иймэрхүү сонгогчдын анхаарлыг булхай, “но”-гоор татахыг хичээдэг зүй тогтол ажиглагдах болсон. Сөрөг хүчний рейтингийг унагах кампанит ажиллагаа  ч гэж болно. Дээр дурдсан судалгаанд улс төрийн  рейтингээрээ эхний байранд УИХ-ын гишүүн Д.Энхбат орсон. Тавдугаарт Ардын намын дарга, С.Батболд орсон гэх. Хамгийн гол нь Ардын намын зүгээс ямар нэг шахалт дарамт “Прогноз” төвийнхөнд үзүүлээгүй талаар эх сурвалж өгүүлсэн. Нийгэм дунд тэр дундаа сонгогчдын дунд “сонгууль ч ойртлоо, бүгд хөдөлгөөнд орлоо. Хэнд ч итгэх итгэл үнэндээ алга” гэсэн яриа байгаа юм. 

Эцсийн дүндээ нэг л зүйл ойлгомжтой болж байна. Тухайн судалгааны талаар нууц задрах нь задарсан. Гэхдээ хэнийг ч халаагүй байхад ийнхүү “сүржигнэх” зорилго хэнд байгаа юм бол. Энэ асуудлын талаар зарим улстөрчид “Арай сонгуулийн урьдчилсан судалгаа хийсэн “Прогноз” төвийг хэн нэг нь овоо хараандаа тааруулчихаад өгөөш хаясан шиг сууж байгаа юм биш байгаа”  хэмээн таамаглаж байгаа юм. Сонгуулийн хууль бараг бэлэн болчихлоо, одоо сонгогчдын тархийг угаах ажиллагаа эхэлж байгаа юм биш байгаа даа. Нэг нам нөгөөх рүүгээ илт дайрч давшилсан, гүжирдсэн гэх мэт асуудлууд удахгүй уул овоо шиг болох нь ойлгомжтой биз. Нууц задарсан гэх судалгаа ирэх сонгуулийн талаарх мэдээллийг үнэн бодитоор нь судалгааг гаргасан эсэхийг хэн ч мэдэхгүй. Цаг ороо бусгай болсон ийм үед сонгогчид аливаа мэдээ мэдээлэлд анхааралтай, хянуур хандах нь нэн чухал. Тэр ч бүү хэл тус төвд ажилдаг нэгэн ажилтан “юм л болбол манай төв рүү дайрч давшлах үзэгдлээ зарим намынхан болимоор юм. Манай төв хэн нэгний сонгуулийн сурталчилгааг хийж байгаа компани биш. Бас худлаа мэдээлэл цацаж байгаа зарим мэдээллийн хэрэгслийн өмнөөс харамсаж байна” хэмээж байсан. Жирийн судалгааны үр дүнг энэ мэт “нууц” мэтээр олонд ойлгуулж байгаа нь нэг талаасаа өрөөсгөл байж мэднэ. Нөгөө талаас иргэдээс авсан судалгаагаар “шоу” хийж байгаа зарим улс төрийн хүчнийхний увайгүй үйлдэл байж болох талтайг дээрх ярианууд баталж байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж