Хятадын эдийн засгийн удаашрал ба Монголын хувьцаа

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн удаашрал ба Монголын хувьцаа

Монголын уул уурхайн салбарт сүүлийн зургаан сард Оюутолгойн өмчлөлийн тухай яриа гарснаас өөр онц өөрчлөлт гараагүй ч энэ салбар дахь хувьцааны үнэ ерөнхийдөө уналттай байлаа. Үүний шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн үнэ буурч, Монголын бүтээгдэхүүний ирээдүйн эрэлт хэрэгцээ төлөвлөж байснаас удаан өсөх магадлалтай болсонтой холбоотой. Хятад улс өндөр инфляци болон үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдлийг намжаахын тулд мөнгөний бодлогоо чангалж, эдийн засгаа удаашруулж байна. Харин энэ бодлогын улмаас барилгын салбарт шаардагддаг ган, цемент, зэс зэрэг түүхий эдийн үнэ унасан бөгөөд Хятадын үйлдвэрлэлийн салбар нь ч адил удааширсан байна.

Монголын түүхий эдийн эрэлт хэрэгцээ ирэх саруудад удаашрах магадлалтай байна. Хэдийгээр Монголын түүхий эдийн үнэ бусад орны нийлүүлэгчдийнхээс хямд байдаг тул эрэлт хэрэгцээний огцом өөрчлөлтөнд өртөгдөх магадлал багатай ч хөрөнгө оруулагчид Хятадын өсөлтийн байдлыг хүндрэлтэй гэж үзвэл Монголын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ багасаж болзошгүй.

Financial Times сонин төмрийн хүдрийн үнэ 6 долоон хоногийн турш 30 хувиар унаж сүүлийн 15 сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрсэн тухай мэдээлэхдээ Хятадын үйлдвэрүүд бүтээмжээ багасгаж байгаагаас шалтгаалсан гэж тодорхойлжээ. МySteel зөвлөх компанийн тооцооллоор сүүлийн үед Хятадын нийт гангийн үйлдвэрүүдийн 5 хувь нь зээл хомсдсон тул үйл ажиллагаагаа зогсоожээ. Хятадын барилгын салбар нь гангийн 40 хувийг худалдаж авдаг бөгөөд Хятадын засгийн газар банкны хүүг нэмэх тусам ган үйлдвэрлэгчид орлогоо хугацаандаа хүлээж авахад бэрхшээлтэй болж байна. Учир нь барилгын салбарын борлуулалт багассанаар барахгүй зээл авахад хэцүү болж байгаа тул гангийн худалдан авалтаа багасгаж буй юм.

Ган үйлдвэрлэхэд төмрийн хүдэр, коксжих нүүрс шаардагддаг учраас гангийн үйлдвэрлэл удааширвал эдгээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч бас ойрын саруудад багасна. Төмрийн хүдэр, коксжих нүүрс нь Монгол улсын экспортын томоохон хэсэг учир Монголын уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ч бас буурах эрсдэлтэй байна. Гэхдээ Монголын түүхий эд нь далайн замаар тээвэрлэгддэг Австрали, Энэтхэг зэрэг улсаас нийлүүлдэг түүхий эдээс хямд учир Монголын бүтээгдэхүүнийхээс өмнө тэдгээр өндөр үнэтэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь эхэлж буурна. Түүхий эдийн үнээс гадна Хятадын зах зээл удааширч байгааг өөр хэмжүүрүүд ч илэрхийлж байна. Үүний нэг нь Хятадын Ложистик, Худалдааны Холбооноос нийтэлдэг Хулалдан Авагч Менежрийн Индекс (Purchasing Manager’s Index – PMI) юм. Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын PMI нь 9-10 дугаар сарын хооронд 51.2-оос 50.4 хүртэл буурсан нь олон улсын мэдээллийн агентлаг Bloomberg-ийн санал асуулгад хамрагдсан 16-н эдийн засагчдийн медиан урьдчилсан тооцоолол болох 51.8-аас зөржээ. Энэ индекс нь 50-аас дээш гарвал өсөлттэй, 50-иас доош бол уналттай гэсэн утгатай тул 50.4 гэсэн дүн нь бараг өсөлтгүй байна гэсэн үг.

Bloomberg агентлагын мэдээллээр бусад салбарын PMI нь Хятадын эдийн засаг ерөнхийдөө удааширч буйг бас үзүүллээ. Үйлдвэрлэлийн бус салбаруудын PMI нь 9-өөс аравдугаар сард 59.3-аас 57.7 хүртэл багассан байна. Энэ нь үйлдвэрлэлээс бусад салбарын компаниудын үйл ажиллагаа ерөнхийдөө аравдугаар сард өмнөхөөсөө удаан өсөлттэй байсан гэсэн үг. Харин барилгын салбарын шинэ захиалгын индекс нь 50.5 болтлоо унасан бол үл хөдлөх хөрөнгийн индекс 48.7 болж буурсан байна. Монголын уул уурхайн компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчид өснө гэж найдах эсэх нь Хятадын эдийн засгийн ирээдүйн байдлаас шууд шалтгаална. Хэдийгээр одоогийн удаашрал нь Хятадын засгийн газрын бодлогын дагуу явагдаж байгаа ч Хятадын зах зээлд өөр гүнзгий асуудал байж болзошгүй. Хятадын өрийн зах зээл нь ихэнхидээ албан ёсны бус, ил тод биш байдаг учир зээл хомсдож эхэлсэн тохиолдолд хэр огцом, ямар нөлөөтэй болохыг урьдчилан таамаглахад хэцүү. Одоохондоо Хятадын эдийн засаг нь аажмаар өсөлтөө удаашруулах уу, эсвэл гэнэт уналтанд орох эсэхийг таамаглахад эрт байна. Тиймээс Хятадын эдийн засгийн хандлагыг сайтар ажиглах нь маш чухал.

Харин түр зуурын удаашрал болсон ч Монголын уул уурхайтай холбогдох хувьцааны үнийг багасгах хүчин зүйлс үүснэ. Хэрэв Хятад улс нь эдийн засгаа аажмаар удаашруулж чадвал ойрын үеийн савлагаан дундаас Монголын уул уурхайн хувьцаанаас хямдаар авах боломж гарна.

MICC (Монголын олон улсын хөрөнгийн корпораци)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж