”Анхны “Амьдрал” тоглолтын орчинг бүрдүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

”Анхны “Амьдрал” тоглолтын орчинг бүрдүүлнэ”

Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний  80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэгвэл тэртээ 1989 онд УДЭТ-ын дэргэд байгуулагдаж, өдгөө рок, поп урлагийн анхдагч болж яваа “Харанга” хамтлагийнхан төрөлх театрынхаа ойд зориулан “Амьдрал” тоглолтоо 22 жилийн дараа дахин тоглох гэж байгаа билээ.

Энэ талаар хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаттай ярилцлаа.

-Хамтлагаа УДЭТ-ын дэргэд яагаад байгуулсан юм бэ. Тэр түүхийг сөхвөл?

-Бид бүгдээрээ  мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байх үедээ нийлж хамтлагаа байгуулсан.  Тэр үедээ ямар нэг байгууллагыг түших хэрэгтэй болсон.  Бидний хамгийн том асуудал нь хөгжим байлаа.  Энэ асуудлаа шийдэх, нөгөө талаар урлагийн байгууллагыг түших зорилгоор УДЭТ-ын дэргэдэх хамтлаг гэж байгуулагдаж байсан юм. Тухайн үедээ театрынхан бидэнд хөгжим авч өгч байсан. Тэгээд жүжигчдийн цалингаар цалинжаад явдаг байлаа.  Таван нөхөр л жүжигчдийн орон тоог  нөхөж байсан гэсэн үг.

-Тухайн үедээ цахилгаан хөгжим худалдаж авч өгч байсан юм уу. “Амьдрал” тоглолтыг үзэж байхад цахилгаан гитар тоглоод байдаг биз дээ?

-Тухайн үедээ социалист орнуудын хөгжим л худалдаж авч байсан юм. Германы “Вермона”, Чехийн “Писла”, Унгар, Болгар гээд л орнуудаас хамгийн сайн гэсэн хөгжмүүдийг л бидэнд авч өгч байлаа шүү дээ.

-“Харанга” хамтлаг  “Амьдрал” нэртэй тоглолтоо УДЭТ-ын тайзнаа тоглож байсан. Тэр үеийн дурсамжаас багахан яривал сонин байх болов уу?

 -Одоогоос 22 жилийн өмнө УДЭТ-ын тайзан дээр “Харанга” хамтлагийн “Амьдрал”  тоглолт БНМАУ-ын Соёлын яамны коллегийн хяналтад орсон. Бид тайзан дээр концертоо тоглоод, үзэгчдийн суудал дээр С.Оюун гуай, Д.Ухнаа дарга гээд олон хүн суугаад үзсэн. Тэд ийм хамтлаг байх нь зүйтэй юу, рок энэ тэр гээд л учир нь олдохгүй юм дуулаад байх юм гээд л бөөн юм болсон. Зарим нь ч дэмжээд л, нөгөө хэсэг нь болохгүй гэж эсэргүүцээд л. Үс гэзэг нь сэгсийсэн хаашаа янзын залуучууд вэ гээд л загнаад байсан. Гэтэл С.Оюун гуай тэр үед “Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч, энэхэн биедээ багтмааргүй  их хүслийн далай  юмдаа гэж ямар сайхан хэлсэн юм бэ энэ хүүхдүүд” гэж хэлээд л концерт батлагдсан. Тоглолтоо хийж болно гэсэн зөвшөөрөл аваад, билет зарж эхлэхэд 30 минутын дараа дууссан. Тэгээд цагийн дараа тоглолт эхэлж байлаа.

-Залуучууд маш их сонирхож байж дээ?

-Тоглолт эхлэхийн өмнө хөшигний ард ярилцаж байлаа. Одоо цагт рок гэж хүн мэдэх болов уу, биднийг хүмүүс танихгүй байх вий, яаж хүлээж авах бол гээд л. Гэтэл хөшиг нээгдэхэд л хүмүүс биднийг, нийгэм ийм хөгжмийг хүлээж байсан юм байна гэдгийг ойлгосон. Драмын театрын бельтажин дээр суусан урт үстэй залуучууд үсээ эргүүлээд, рок хувцастай хүмүүс цуглачихсан байсан. Тэр үед үнэхээр баярлаж байлаа.

-Тухайн үед хэдэн дуу дуулж байсан бэ?

-14 дуу дуулж байсан. Тэр дотор хайр дурлал, нийгэм, экологийн тухай дуу дуулж байлаа. Мөн “Томоотой хүн” гэдэг дуу  дуулж байсан. Тэр нь хүнд сурталтай, дарга нарт долигнодог, байнга шагнуулдаг хүний тухай л дуу. Дээрээс нь нийгмийн материаллаг баазын тухай дуулна. Тэр үед дэлгүүрт цай, давс, цуу л байсан. Оройхондоо жаахан мах ирнэ. Хамаг сайхан гуя, хааг нь арын хаалгаар гаргаад, хөдөлөмрчид хөөрхий хүзүү, сээр л авна. Сүү өглөө эрт ирнэ. Могой шиг урт дараалал үүснэ.  Бүхий л зүйл олдоггүй байлаа. Тэр бүхнийг бид дуулж байсан. Түүнээс нь болж  манай театрын тухайн үеийн уран сайхны удирдаач Н.Сувд гуайг нийслэлийн намын хорооны үзэл суртлын хэлтэс дээр дуудаж, янз бүрийн асуудалд ордог байлаа.

-Дууныхаа үгийг өөрсдөө бичиж байсан уу. Эсвэл найрагчдаас тийм үгтэй шүлэг авдаг байсан юм уу?

-Ганцхан дууны үгийг Д.Сосорбарам бичиж байсан юм. Тэр нь “Лусын хааны зарлиг” гэдэг экологийн сэдэвтэй дуу. Бусдыг нь бүгдийг нь өөрсдөө зохиосон. “Амьдрал” тоглолтоо хийснээс хойш 22 жил өнгөрч. Энэ олон жилийн дараа бид дахин тоглох гэж байна. “Амьдрал” тоглолтын дараа тэр даруйдаа “Шүүдэрцэцэг”, “Аялгуу”, “Амьдрал”, “Хуучны пянз” зэрэг дуунууд маань хит болж байлаа.  Тэр бүх дуугаа 10-ны өдрийн тоглолтод дуулна даа.

-Энэ удаагийн тоглолт дээрээ 22 жилийн өмнөх орчныг тэр чигт нь бүрдүүлэх гэж байгаа гэсэн. Тухайн үедээ өмсч байсан хувцсаа өмсөх ч юм уу?

-Болж өгвөл тийм орчин бүрдүүлэхийг хичээж байна. Гэхдээ тэр үеийн бацаанууд чинь нэлээд туранхай байсан. Тэгэхээр хувцас нь таарах нь уу гэдэг нь сонин байна.

-Тоглолтын үеэр үзэгчдэд олон гэнэтийн бэлэг барина гэсэн. Зарим нэгээс нь задалбал?

-Драмын театр цөөхөн хүний суудалтай. 500 гаруй л хүн сууна. Тэр цөөхөн хүн дундаас  хамгийн рок хувцасласан хүнд гоё бэлэг өгөхөөр бэлтгэж байгаа. Гэх мэт янз бүрийн гэнэтийн бэлэг бий бий.

-Энэ тоглолт дээрээ тухайн үед дуулж байсан 14 дуугаа л дуулах юм уу?

-14 дуунаасаа гадна шилдэг гэсэн зургаан дуу нэмж дуулна. Ер нь “Харанга” хамтлагийг найман настай балчираас 80 настай буурай хүртэл сонсдог шүү дээ. 22 жилийн өмнө гэхэд төрөөгүй байсан хүмүүс ч манай тоглолтыг үзнэ шүү дээ. Тиймээс тэдэнд зориулж 22 жилийн өмнө хөгжим, тоглолт, дуу нь ямар байсан бэ гэдгийг бид харуулах гээд байна. “Харанга” ингэж тоглож байсан шүү гэдгийг харуулна. Мөн тэдэнд зориулаад залуусын  мэддэг шилдэг дуунуудаасаа багтааж байгаа юм.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж