Н.Төгсцогт “Дэлхийн лиг”-т тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт “Дэлхийн лиг”-т тоглохгүй

Дэлхийн 196 орныг эгнээндээ нэгтгэсэн AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос санаачлан, сонирхогчдын боксын тамирчдыг байнгын бэлтгэл сургуулилттай байлгах, тэдний санхүүгийн асуудлыг шийдэх, тамирчдаа мэргэжлийн бокст алдахгүй байх гээд олон талын ач холбогдол, зорилгоор зохион байгуулсан “World Series of Boxing” тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаа болсон тэмцээнд Америк, Ази, Европ гурван тивийн нийт 12 баг, тодруулбал, Ази тивээс “Астана Арланс”, “Баку Файрс”, “Бээжин Драгонс” болон “Похан Посейдон” багууд, Европоос “Истанбуллс”, “Милано Тандер”, “Кремлин Биэрс”, “Парис Юнайтед”, харин Америкаас “Мемфис Форс”, “Лос-Анжелес Мадатерс”, “Мехико сити Гуэррэрас” болон “Майами Галлос” багууд өрсөлдсөн юм. Багууд таван (bantam буюу 50-54 кг, light буюу 57-61 кг, middle буюу 68-73 кг, light heavy буюу 80-85 кг, heavy буюу 91-ээс дээш кг) жингийн ангилалд тамирчдаа сойсон бөгөөд жин тус бүрт гурван тамирчинтай байхаар багаа бүрдүүлж, тэмцээний туршид лигийн системээр нийт 12 тойрог тоглосон. Улмаар плей-офф, цаашлаад хагас шигшээ, шигшээ тоглолт болсноор WSB тэмцээний анхны аварга тодорсон юм.

“Дэлхийн лиг” гэгдэх тус тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргаж, Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тоглосон. Өнгөрсөн жил чамгүй амжилт гаргасан тэрбээр 2009 онд Миланд болсон дэлхийн аваргын дараа WSB тэмцээнд хүч үзэх урилга ирсний дагуу гурван жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тохиролцжээ. Улмаар эхний жилээ Азербайжаны “Баку Файерс” багт өнгөрүүлсэн юм. Харин энэ жил Азербайжаны багаас дахин урилга ирсэн боловч Н.Төгсцогт өөрийн хүсэлтээр тэрхүү саналд татгалзсан хариу өгчээ. Учир нь Лондонгийн олимп хаяанд ирсэн энэ үед тэрбээр эх орондоо байж, шигшээ багийн хамт олонтойгоо бэлтгэл сургуулилтаа хийхийг зорьсон байна. Лондонгийн олимпийн эрх авах, цаашлаад олимпийн наадамд амжилт үзүүлэхийн төлөө эх орондоо байх нь зүйтэй гэж шийдсэн түүний шийдвэрийг Монголын олимпийн боксын холбооныхон ч тун таатай хүлээн авсан сурагтай. Ширэн бээлийтнүүд өдгөө Булган аймгийн Хангал суманд байрлах “Олимп” баазад цугларалтад гараад буй. Тэд тун удахгүй хилийн дээс алхаж, тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. 

"World Series of Boxing" тэмцээнтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж