АИ-92 бензиний үнэ 30 төгрөгөөр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

АИ-92 бензиний үнэ 30 төгрөгөөр нэмэгдэнэ

Шатахууны үнэ дахиад л өслөө. Гэхдээ ганцхан АИ-92 авто бензинийн үнэ өснө гэдгийг албаны хүн мэдэгдэв.  АИ-92 авто бензинийн үнэ литр тутамдаа 30 төгрөгөөр өсөх болсон шалтгаан нь ОХУ-тай хамааралгүй бололтой. “Муу л бол захын хав овоохой” гэгчээр далим л гарвал оросууд руу буруугаа чихэн үнэ нэмчихдэг импортлогчид энэ удаад ямар шалтгаан хэлэх нь сонирхолтой байгаа юм.  Албаны хүний хэлснээр өнөө оройноос АИ-92 шатахууны үнэ албан ёсоор 30 төгрөгөөр нэмэгдэх ажээ.

ОХУ-ын “Роснефть” компа­ниас энэ арваннэгдүгээр сард Мон­гол Улсад нийлүүлэх дизель түлшний татварыг тонн тутамдаа 70 ам.доллараар нэмсэн. Үүнтэй хол­­боотойгоор өчигдрийн Зас­гийн газрын хуралдаанаар зарим нэр төрлийн газрын тосны бүтээг­дэ­­хүүний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм.

Энэ нь Монголын дотоодын зах зээлд зарагдаж буй дизель түлшний үнэ нэмэгдэхээс сэргийлж буй “вакцин” гэдгийг ч Газрын тосны газ­рын дарга тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл шатахууны үнийг тогтвортой байлгах, хэрэглэгчдэд дарамт учруу­лахгүй байхын тулд ийнхүү газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авчээ.

Газрын тосны бүтээг­дэхүүний импор­тын онцгой албан тат­варыг тэглэж, импортлогчдод үнийг нэмэхгүй бай­хыг Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам­наас анхаа­руулсан гэнэ. Энэ анхааруулгыг им­порт­логчид бас эс тоолоо. Өмнө нь импортлогчид Эрдэс баялаг, эр­чим хүчний сайдын үгнээс зөрж байсан тохиолдол цөөнгүй. АИ-92 автобензиний үнэ өсөх шалтгаан транзит тээвэрлэлт хийж байгаатай холбоотой гэж Газрын тосны газрын дарга хэлсэн.

Дизель түлшний онцгой албан татвар өмнө нь 100 мянган төгрөг байсныг ийнхүү өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 0 болгосон. Ингэснээр Монголын дотоодын зах зээлд худалдагдаж байгаа дизель түлшний жижиглэнгийн үнэд өөрч­лөлт орохгүй ажээ. Мөн А-80 шата­хууны хувьд татварын үнэ ч мөн л  0 хувьтай байгаа, АИ-92 бензинийх мөн тэглэгдсэн гэхээр  өнөөдрийн байдлаар импортоор оруулж ирдэг газрын тосны бүтээг­дэхүүний гаалийн болон онцгой ал­бан татвар бүгд 0 хувьтай байна. “Засгийн газраас жижиглэнгээр худал­­даалагдаж бай­гаа шатахууны  үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээ авлаа. Хэрвээ татварын үнийг хэвээр байлгасан бол хэрэглэгчдэд очих үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох байлаа. Бид тогтвортой байлгахад анхаарна” хэмээн Газрын тосны газрын дарга ярьсан.

Шатахууны үнэ он гарсаар ийн­хүү дөрөв дэх удаагаа нэмэгдээд байна. Өнгөрсөн тав, зургадугаар сард ОХУ-аас газрын тосны экспор­тоо хязгаарлах бодлого барьсан шата­хууны үнийг өсгөх сайхан да­лим болсон. Эрэлт нь ихэсч, нийлүүлэлт нь багассан шатахууны асуудал инфляцийг хөөрөгдснөөс үнэ хөөсөрсөн.

Нэг улсын хараат байхын зовлонг хангалттай мэдэрсэн эрх баригчид газрын тосны үйлдвэр барихгүйгээр үнийн өсөлт, дарамтаас ангижирч чадахгүй гэдгийг яс махандаа шин­гэ­тэл ойлгосон билээ. Урд хойд хөрш рүү гуйлгад мордсоны хүчинд Монго­лын дотоодын зах зээлд нүүр­лэсэн шатахууны хомсдол арилсан юм. Энэ асуудлаас болж шатахууныг импортлох үүргийг төр өөртөө хүлээх хэрэгтэй гэсэн санал ч тухайн үед гарч байсан.

АИ-92 авто бензиний өсөлт өргөн хэрэглээний үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад албаны хүмүүс ямарч нөлөөлөл үзүүлэхгүй гэдэг хариулт өгч байгаа юм. Харин гадаад зах зээлд газрын тосны үнэ буурсан үзүүлэлттэй байгаа юм.  Дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт буурч байгаагаас үүдэн “хар алт”-ны  ханш  улам доошлов. АНУ-д “Brent” маркийн нефтийн үнэ дөрвөн сарын доод төвшиндөө хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар “Bloomberg” дээр нэг баррель хар алтны үнэ 92 ам.доллар байгаа юм.

Ийнхүү гадаад зах зээлд газ­рын тосны үнэ буурч, Монголд шата­хууны үнэ өссөөр л. Дашрамд дурдахад Монгол Улс 18-20 хоногийн шатахууны нөөцтэй байгаа гэсэн. Энэ нь сандраад гүй­гээд байх асуудал биш гэдгийг ч Д.Амарсайхан дарга хэлнэ лээ.

Ж.ЭРХЭС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж