
Харин гадны хэвлэлүүд Монголын тухай шинэ цагийн энэ нийгэмд бүхэл бүтэн зуун дамжин ингэж дуу алдсан хэвээр. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахад орон нутгийн нэгэн хэвлэл “өөр ертөнц” гэсэн тодотголтойгоор нийтэлжээ. НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Обамагийн гараар нүүрээ таглуулсаны дараа Yahoo.com-д ийм л тодотголоор явав. Алт “малт”-аараа дэлхийд танигдаад байна уу гэтэл үгүй юм байна. Үүнийг би гадны хэвлэлийг уншаад мэдлээ.
Улс оронд үзэгдээд байгаа улс төр, урлаг соёлынхныг харвал биднийг ингэж нэрлэхээс аргагүй. Нэг намын нөхөд гээд зургаа татуулаад, нэгнээ өмөөрөөд явсан нөхдүүд нэг, нэгнээ муулаад “дайсан” болоод ч явж байх шиг. Философийн багш нэг нөхөр “Хамуг Монгол хөдөлмөрийн нам” гэсэн бусдаас өөр нэртэй нам байгуулаад ч явж байх шиг. Эсвэл дуучин байсан хүн нь улс төрд орно гэж зүтгээд, “гэгээрээд” ч байх шиг. Тэдний үйлдэл дэлхийн улс төрөөс өөр. Дуучин нэгэн нь дэлхийд байхгүй урлагийн төрөлд, дэлхийд байхгүй нэршил өгөх. Эсвэл биесээ танихгүй хүмүүс хамтлаг байгуулаад гурван дууныхаа дараа тоглолтоо хийж ч байх шиг. Үүсгээд байгаа урлаг нь ч дэлхийн урлагийн хэмнэлээс тэс өөр. Иргэний нийгмийн байгууллага нь ганц удаа уриа хашхирч, морь унаж өвчигнөж байгаад мөнгө дагаад яваад өгөх. Хэсэг дуугүй байж байгаад сонгууль ойртохоор гараад ч ирэх шиг. Иргэний нийгэм нь хүртэл бусад орныхоос өөр. Хүнээ хөгжүүлэх хөтөлбөр, малаа хөгжүүлэх сан гээд бүх зүйлээрээ дэлхийн тогтолцооноос өөр. Дэлхийн зах зээлд бензин өсөхөд дагаж өсдөг хэрнээ буурлаа гэхэд ямар ч “реакц” байдаггүй эдийн засгийн өөр тогтолцоотой гэж байгаа. Ийм л өөр ертөнцөд бид амьдарч байна.
Дэлхий нийт биднийг уул уурхайгаас өөр салбаргүй “Minegolia” хэмээн нэрлэсээр удаж байна. Уул уурхай нь хөгжөөд байгаа ч аж үйлдвэр байхгүй. Улсын төсвийн ихэнх хэсгийг гадны тусламж эзэлдэг гээд л. Ямарсайндаа Германы канцлер манайд ирэхэд Германы хэвлэлээр Чингисийн Монголд айлчилж байна гэж мэдээлж байх вэ дээ. Монголыг өөрөөр нэрлэвэл германчууд мэдэхгүй учраас найман зууны тэртээ бурханы оронд морилсон хүнээр нэрлэжээ. Яагаад гэвэл түүнийг дэлхий мэдэх болохоор тэр.
“Монгол их сонирхолтой улс. Бүх юм нь. Түгжрэлд бүгд орж байгаа ч зам сөрж давхилдана. Үйлчилгээний газар нь хүртэл барагтай юм дуугарахгүй”. Энэ бол Монголд аялаад буцсан нэгэн жуулчны сэтгэгдэл. Өөр ертөнцөд аялаад буцсан түүнд ингэж хэлэхээс ч өөр арга байхгүй. Угтаа гадны хэвлэлийнхний ингэж хэлээд байгаа нь тэдний буруу биш. Бид 13 дугаар зууны их байлдан дагууллаас хойш дэлхийд танигдахаар юу хийлээ…
"Ардын эрх" сонин
