
Нийслэлийн аль ч эмнэлэгт яваад ороход ачаалал нь хэтэрсэн, тэр дундаа бага насны хүүхдүүд ханиад томуу, шар өвчнөөр өвчилж, эмнэлгийн ор дүүргэдэг болоод удаж буй. Энэ удаа ХӨСҮТ-ийн халдвартын өвчний тасгаар үйлчлүүлэгчдийн тоо хэтэрч, ачаалал ихтэй байгаа гэсний дагуу тус төвийг зорьсон юм. Тасгийн эмч нар надтай ярих завгүй байх. Эмчлүүлэгчдийн ихэнх нь бага насныхан учраас дотогш оруулахгүй гэсэн. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд шар өвчнөөр их өвчилж байгаа бөгөөд орон нутгаас өвчнөө хүндрүүлсэн хүүхдүүд мөн тус төвд ирж хэвтэж байгаа юм байна. Халдварт судлалын үндэсний төвийн халдварын тасаг 530 хүний ортой ч өнөөдөр тус төвд 413 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд 1-10 насныхан ажээ. Тэд эцэг эхтэйгээ буюу асран хамгаалагчтайгаа буюу сахиуртай хэвтэж буй. Тиймээс ор хүрэлцэхгүй нэг өрөөнд олон хүүхэд байлгахгүйн тулд зарим тасгаа суллаж, хэвтүүлж байгаа гэв. Тус төв өнөөдөр ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд нь бараг л кордортоо хэвтэх нь холгүй байгааг эмч нар хэлж байсан. Халдварт шар өвчин өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулвал 2,5 дахин ихэссэн гэсэн тоог Халдвар судлалын үндэсний төвөөс өгсөн. Өнгөрсөн оны мөн үед энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 4000 орчим байсан бол өнөөдөр нэг дахин буюу одоогоор 9000 гаруй шарын тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хэвтэж байгаа олон тоон дээр нэмж үзүүлэх гэсэн хүмүүсийн дараалал ч олон байлаа. Эмчид үзүүлээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлж, бусдыг нь гэрээр болон өрхийн эмчийн хяналтанд байлгахаар буцааж байлаа. ХӨСҮТ-ийн олон нийттэй харьцах тасгийн дарга Ч.Уртнасан хэлэхдээ “Нийт ирсэн хүмүүсийн 62 хувь нь сургууль, цэцэрлэгийн насны буюу бага насны хүүхдүүд өвчилж байгаа нь сургууль цэцэрлэгийн ариун цэвэр хангахгүй, цэвэрлэгээ муу байгаагаас шарын тохиолдлууд нэмэгдээд байна. Шар өвчин зөвхөн бохироор дамжиж халдварладаг. Иргэдэд гараа угааж байх, арин цэврээ сахи гэж хэлээд, сурталчилаад байхад анхаарахгүй байна. Ариун цэвэр сахихыг хүн бүр мэддэг хэрнээ тэр бүр биелүүлдэггүй. Энэ нь бага насны хүүхдүүдэд ч нөлөөлж эхэлж байна. Дээрээс нь энэ жил самар их гарсантай холбоотойгоор бохир гараа угаахгүй байх зэргээс шалтгаалан өвчин нэмэгдээд байна. Нөгөө талаар шар нь амаар дамжиж, өтгөнөөр гадагшилдаг учраас ил задгай бие зассанаар хөрсөнд шингэж тэр нь усанд шингэх боломжтой” гэлээ.
Халдварт шар өвчин нэмэгдэж байгаа учраас хүүхдүүдэд нэгдсэн журмаар вакцин хийж урьдчилан сэргийлэхээр болжээ. Өмнө нь сайн дурын гэж шарын вакцин хийдэг байсан ч үнэтэй учраас иргэд тэр бүр олуулаа вакцинд хамрагддагүй байсан аж. Учир нь энэ вакциныг нэг удаа хийлгэхэд 28 мянга 110 төгрөг болдог бөгөөд нэг удаа хийлгэхэд 10 жил шар өвчнөөр өвчлөхгүй байдаг аж. Хоёр удаа хийлгэсэн байхад насаараа шар өвчин тусахгүй байна ч гэж ярьдаг гэнэ. Харин ирэх 2012 оноос эхлэн 0-2 настай хүүхдүүдийг уг вакцинд хамруулахаар төлөвлөж мөнгийг нь эрүүл мэндийн даатгал ч юм уу ямар нэгэн байдлаар эцэг эхээс нь авч энэ вакциныг хийдэг болох юм байна. Өмнө нь 1990 оноос хойш халдварт шарын Б гепатитын вакциныг нэгдсэн журмаар буюу хүүхэд төрөхөд, тав, зургаа, долдугаар саруудад тогтмол хийснээр 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд халдварт шарын Б гепатитаар өвчилдөггүй гэнэ. Тиймээс энэ арга үр дүнтэй байсан учраас эхний ээлжинд 0-2 насны хүүхдүүдийг шарын гепатит А-ийн вакцинд хамруулах гэнэлээ. Одоогоор байгаа нөөцөө ашиглан хэрэглэж цаашид нэмж авах арга хэмжээг Засгийн газрын оролцоотойгоор шийдэхээр болсон байна. Өмнө нь энэ вакцин өндөр үнэтэй байсан учраас хүмүүс хийлгэхгүй байснаараа өнөөдөр гол буруутан нь өвчтөн та өөрөө болж байна. ХӨСҮТ рүү эмнэлэгийг зорьсон хүүхдээ тэвэрсэн эцэг эхийн цуваа үргэлжилсээр байсан юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яам НҮБ, Дэлхий эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын төслийн байгууллагуудтай хамтран ажилладаг болсоор олон жилийн нүүр үзэж буй. 28 мянга төгрөгний үнэтэй энэ вакциныг үнэгүй хийлгэх, хямдралтайгаар хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг өдий болтол аваагүй нь сонин. Өчигдөрхөн гэхэд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өөрийн твитер дээрээ 40 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаагаа түгээж байсан. Тэгвэл 9000 хүрчихээд байгаа шарын өвчний талаар арга хэмжээ авч, үнэгүй вакцин хийгээд өгөх олон улсын байгууллагууд байдаггүй л байхдаа. Одоогоор идэвхитэй байгаа нь 9000 мянга харин цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэдгийг эмч нар хэлж байсан. Шарын халдвар өндөр байгаа Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий зэрэг аймгууд байгаа бөгөөд эдгээр аймгийн болон нийслэлийн өвчлөл ихтэй байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд хамруулах юм байна. Шар тусна гараа угаа гэж орилж байхын оронд энэ нь ч дээр арга биз. Ямартай ч эхний ээлжинд бага насныхан хамрагдана, вакцинд. Харин дараагийн ээлж хэзээ ирэхийг мэдэхгүй ч энэ вакциныг хийлгэвэл шарлана гэж зовохгүй болох аж. Гэхдээ ирэх он гэж хүлээж байхын оронд яг одооноос 9000 тоог нэмэхгүйн тулд ямар нэг арга хайх ёстой ч юм билүү.
"Ардын эрх" сонин
