Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн тухай дүн болон уг Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон ч тодорхой шийдвэр гаргасангүй, эл асуудлыг хойшлууллаа.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар үндэслэлээр Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн буцаасан талаар судалж, үзсэн. Мөн хөрөнгө оруулагч тал болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхнийг оролцуулсан хуралдааныг нээлттэй зохион байгуулсан байна. Түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болоод Айвенхоу майнз монголиа инк компаниудад шаардлага тавьсны эцэст нааштай үр дүнгүүд гарсан гэж үзэж болох аж. Тухайлбал, 45 сая тонн зэсийн 19 сая тонныг нь ашиглах бололцоогүй гэж үзэж байсныг тодорхой хэсгийг буюу 31 сая тоннд хүргэн  ашиглах боломжтой болгуулсан. Мөн олборлолтын явцад нийт борлуулалтаас авахаар төлөвлөөд байсан хоёр хувийн роялтийг Монгол Улсын Засгийн газраас ангид болгуулж, үүнийгээ BHP-тэй тохиролцохоор болж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Харин Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдож, усны нөөц хангалттай, хангалтгүй гэх ойлгомжгүй байдал үүсээд буй. Айвенхоу майнз монголиа инк компанийн зүгээс ус хүрэлцэнэ, бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар судалгаа хийлгүүлсэн гэсэн ч Усны хэрэг эрхлэх газраас “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн эхний таван жилд ус хүрэлцэнэ. Түүнээс цааш хүнд байдалд орно”гэсэн дүгнэлт ирүүлсэн.  Тиймээс ажлын хэсгийнхэн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд өгсөн дүгнэлтдээ Гүний хоолойн усны болоод гидрогеологийн судалгааг нарийвчлан хийлгэх. 45 сая тонн зэсийг бүрэн ашиглах, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш нэг жилийн дотор Монголын талын хувийг 50 хувьд хүргэх гэсэн УИХ-ын 57 дугаар заалтыг биелүүлэх шаардлагатай байна” гэсэн гурван зүйл бүхий дүгнэлт гаргасан байлаа.
Харин Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар “УИХ-аас өгсөн 40, 57 дугаар тогтоолууд бүрэн биелэгдсэн. Хэрвээ хоёр тал харилцан тохиролцох юм бол заавал 30 жилийн дараа энэ хэмжээнд хүргэнэ гэхгүйгээр Монголын талын хувийг 50 хувьд хүргэх бололцоотой гэсэн заалт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд багтсан. Яагаад хэлэлцээрийн шатанд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс нэг жилийн дараа 50 хувьд хүргэхээр тусгуулж чадаагүй вэ гэдэг асуудлыг ярих гэхээр процессийг нь нэгбүрчлэн хөөх шаардлагатай болно. Хэлэлцээр амар байгаагүй, хурлыг хаяж гарах гээд маш олон хүндрэлтэй асуудлууд тулж байсан. Гэхдээ халуун тогоон дотроо ярих зүйлүүд нэлээд байна. Нээлттэй хуралдааны үеэр энэ мэт асуудлыг ярьчихаар мэдээллийн хэрэгслээр нээлттэй цацагдчихдаг, дараа нь хэлэлцээр хийх гэхээр бүх зүйл хаалттай болчихоод маш их хүндрэл учруулдаг. Тийм учраас энэ удаад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсгийнхний дүгнэлттэй холбогдуулж, дүгнэлт гаргахаа түр хойшлуулбал сайн байна” гэсэн горимыг саналыг гаргаж, түүнийг нь байнгын хорооны дарга хүлээн зөвшөөрснөөр асуудлыг хойшлуулж, байнгын хорооны хуралдаан дууслаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж