
Тунисын шүүх Ливийн ерөнхий сайд асан аль-Багдади аль-Махмудиг эх оронд нь шилжүүлэхийг зөвшөөрчээ. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл хүсэлт тавьсны дагуу түүнийг шилжүүлэхээр болсон аж. Харин Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийн дэглэмийн үед түүний засгийн газрын тэргүүн байсан Аль-Махмуди эх оронд нь түүнийг ямар эрүү шүүлт хүлээж байгаа бол гэхээс айж байгаа гэнэ. Харин Тунисын хууль сахиулагчид “Ливийн эрх баригчид түүнд ямар нэгэн муу зүйл хийхийг бид зөвшөөрөхгүй” гэжээ. Аль-Махмудиг өнгөрсөн есдүгээр сард Алжир Тунисын хилийн Тамаза хотоос баривчилсан байна. Түүнийг Алжирийн хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр зургаан сар шоронд хорьсон ажээ. Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага түүнийг Ливийн талд шилжүүлэхгүй байхыг Тунисын хууль сахиулагчдаас хүссэн ч ийнхүү шилжүүлэх болсон байна.
Н.Энх