Урсгал зардлыг бууруулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Урсгал зардлыг бууруулах ёстой гэв

УИХ-ын Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн З.Энхболд 2012 оны нэгдсэн төсөвт үр ашиг багатай хэрнээ хөрөнгө ихээр шаардсан зардал нэлээд туссаныг анхааруулж, Өвөрхангай аймгаар жишээ татав. Дан ганц тус аймгаар хязгаарлахгүй бусад аймгуудад ч мөн шинэ контор барихаар зардлуудыг нэлээд тусгасныг сануулж, хөрөнгө оруулалтыг олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх салбар руу чиглүүлэхийг хүсэв.

Дээрх саналтай гишүүд ч санал нэгдэж байлаа. Учир нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг оруулахгүйгээр зөвхөн төрийн албаны конторын барилга барихад 150 тэрбум төгрөг тусгасан нь Засгийн газрын хувьд ирэх оны төсөвт хэтэрхий үрэлгэн хандсаны илрэл гэж үзсэн юм.  Гэхдээ УИХ-ын гишүүдээс гаргасан зарим хөрөнгө оруулалттай холбогдох санал дэмжлэг хүлээж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жекей Батлан хамгаалахын их сургуулийн оюутны дотуур байр барихад зориулан 1 тэрбум төгрөг, Гадаад харилцааны сайдын төсвийн багцад гадаад орчны судалгаа, шинжилгээний ажилд зориулан 250 сая төгрөг, Цөмийн энергийн газрын хөрөнгө оруулалтын төсвийг 4,650 сая төгрөгөөр тус тус нэмж тусгах гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон  гишүүдийн олонхи дэмжив.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, З.Энхболд нар  Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлагын хязгаарыг 6,374,3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа нарын Олон улсын энхийг дэмжих ажиллагаатай холбогдон гарах 5.051.5 сая төгрөгийг улсын төсвийн батлан хамгаалах арга хэмжээний зардалд тусгах гэсэн санал гаргасныг гишүүд мөн дэмжсэн юм.

Гадаад харилцааны сайдын багцад орсон Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ барилга, Бельгийн Вант улс дахь Элчин сайдын яаманд газар худалдан авах санхүүжилтийн асуудал болон гадаадын бусад оронд байрлах Монгол  Улсын Дипломат төлөөлөгчдийн газрын байр, газрын асуудлыг судлан эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай байгаа санхүүжилтийг тодорхойлох ажлын хэсэг байгуулан ажиллах горимын саналыг өмнө нь З.Энхболд гишүүн гаргаснаар УИХ-ын гишүүн С.Баяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байсан.

Ажлын хэсгийн зүгээс  Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн танилцуулга, мэдээллийг судлан үзээд ажлын хэсгийн дүгнэлт, санал хураалгах саналын томъёоллоо байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлж,  ихэнх нь дэмжлэг хүлээв. Гэхдээ УИХ-ын гишүүн Я.Батсуурь Эрхүү дэх Ерөнхий консулын газрын ажилчдын орон сууцны барилга барихад зориулан 2,5 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжихгүй байгаа, гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудын орон сууцны асуудлыг үрэлгэн зардалтай байшин барих аргаар биш өөр аргаар шийдэж байх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.

Ингээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт, саналын томъёоллыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болж тогтсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж