
Ингээд гишүүд Сонгуулийн хууль зөрчиж сонгууль будилуулсан хүн, хуулийн этгээдийг торгох хувь хэмжээг ярилцсан юм. Тухайлбал, буруутай албан тушаалтныг сарын цалингийн доод хэмжээг 2-3 дахин, Сонгуулийн хорооны даргыг мөн хэмжээгээр, Сонгуулийн хорооны гишүүн болон иргэнийг 1-2 дахин, хуулийн этгээдийг 3-7 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох талаар хуулийн төсөлд оруулахаар болов. Мөн буруутай нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэв. Тэгсэн атлаа худал мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэхээр төсөлд оруулав. Ингэхдээ 10 хувийг их гэж маргалдаж байсан гишүүд дуугарсангүй. Ингээд ирэх сонгуулийн үер хэвлэл, мэдээллийн хэрэгсэл худал мэдээлэл цацсан гэх хэрэгт унавал дааж давшгүй торгууль үүрэхээр боллоо.
Гишүүн Д.Одхүү нэр дэвшигчийн буруутай эсэхийг баримтаар нотлохгүй бол өрсөлдөгч нь хорлон сүйтгэх ажил явуулж болзошгүйг анхааруулсан юм. Харин СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн процесс дунд зөрчлийг шалгахад хэцүү байдгийг хэлж байлаа. Олон улсын практикаар бол Сонгуулийн байгууллага хагас шүүх, хагас мөрдөн шалгах эрхтэй байдаг аж. Монголд ч тийм болох хэрэгтэй гэж зарим гишүүн хэлж байсан юм.
Санал хураалтад биеэр оролцож чадахгүй хэвтрийн өвчтэй, цагдан хоригдсон, урьдчилан хориход саатуулагдсан зэрэг хүнээс зөөврийн хайрцгаар санал авахад хяналт сайн байх ёстойг гишүүд хэлж байлаа. “Ялангуяа хэвтрийн хүн бол удаан хугацааны өмнөөс хэвтэрт орсон байдаг. Түүнийг эрүүл мэндийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй” гэж З.Энхболд гишүүн хэлж байлаа. Мөн сонгуулиар мөнгө амлахаас татгалзахаар гишүүд санал нэгдэв. Ингээд урт настай Сонгуулийн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслөөр гишүүд асуулт, санал гаргасангүй. Мөн л чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжлээ.