Засгийн газраас өргөн барьсан ХЭЧТХ-ийн төсөл

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Засгийн газраас өргөн барьсан ХЭЧТХ-ийн төсөл

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг /1998 онд баталсан/ өөрчлөхөөр Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ. Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан төслөө өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн бариад буй хуулийн төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны …дугаар сарын …-ны  өдөр                             Улаанбаатар хот

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн үндсийг тодорхойлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж

2.1. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

3.1.1. “хэвлэл мэдээллийн эрх чөлөө” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг;

3.1.2. “мэдээ, мэдэлэл” гэж иргэдийн танин мэдэхүйд зориулсан уншиж, сонсох, харж болох аливаа өгөгдлийг;           

3.1.3. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж мэдээ, мэдээллийн нийтэд түгээх зориулалтаар эрхлэн гаргадаг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас болон хуулиар хориглоогүй бусад хэрэгслийг;

3.1.4.“хэвлэл мэдээллийн байгууллага” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргадаг иргэн, аж ахуйн нэгж , байгууллага;

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.
Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

3.1.1. “хэвлэл мэдээллийн эрх чөлөө” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг;

3.1.2. “мэдээ, мэдэлэл” гэж иргэдийн танин мэдэхүйд зориулсан уншиж, сонсох, харж болох аливаа өгөгдлийг;           

3.1.3. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж мэдээ, мэдээллийн нийтэд түгээх зориулалтаар эрхлэн гаргадаг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас болон хуулиар хориглоогүй бусад хэрэгслийг;

3.1.4.“хэвлэл мэдээллийн байгууллага” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргадаг иргэн, аж ахуйн нэгж , байгууллага;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХЭВЛЭЛ  МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

4 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө

4.1. Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл болдол, боловсрол, ял шийтгүүлсэн эсэхийг үл харгалзан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүн бүр эдэлнэ.

4.2. Хуулийн хүрээнд мэдээ , мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ.

4.3. Хуулиар төр, байгуулага, хувь хүний нууцад хамааруулснаас бусад тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасан мэдээ,  мэдээллийн хүрээг хязгаарлахгүй.

5 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах


5.1
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дараахь тохиолдолд гагцхүү хуульд заасан журмын дагуу хязгаарлаж болно:

5.1.1 онц байдал зарласан

5.1.2
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш ажиллагаа явуулсан:

5.1.3
бусдын эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төр,  ажил хэргийн нэр хүндийг хамгаалах:

5.1.4 хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцад хамааруулсан мэдээ, мэдээллийг хамгаалах

6 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах

6.1. Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахыг хориглоно.

           Гуравдугаар бүлэг

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

7 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны баталгаа

7.1 Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах, үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ.

7.2. Хэвлэл мэдээллийн байгуулага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээсээ гадуур аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. 

8 дугаар зүйл. Мэдээллийн эх сурвалжийг нууцлах

8.1 Хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакц, сэтгүүлч, сурвалжлагч нар энэ хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээ мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй.

8.2 Дараахь тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд зөвхөн прокурорын зөвшөөрлөөр, эсхүл, шүүхийн шийдвэрээр мэдээ, мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхийг хязгаарлаж болно.

8.2.1 тухайн мэдээ, мэдээллийг үнэн бодитой эсэхийг өөр аргаар шалгаж тогтоох боломжгүй болсон:

8.2.2 үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд ноцтой хохирол учрах, хүний амь, нас эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн гэж үзэх үндэслэл байгаа бол:

8.3 Энэ хуулийн 8.2-т зааснаас бусад тохиолдолд мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг тулган шаардах, илчлэхээс татгалзсантай холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

9 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагад тавих шаардлага

9.1 Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 9.3-т зааснаас бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээллээс үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

9.2 Хэвлэл мэдээллийн байгууллагын редакци нь өөрийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрийг хараат бусаар, бие даан тодорхойлно.

9.3 Зар сурталчилгааны болон захиалгат нийтлэл, нэвтрүүлэгтэй холбогдон үүсэх хариуцлагыг захиалагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүлээнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа тохиолдолд захиалагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг заавал мэдээлнэ.

9.4 Хэвлэл мэдээллийн байгууллага нь бодит байдлыг гажуудуулсан буюу бусдыг төөрөгдүүлсэн, эсхүл худал, бодит бус мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээхийг хориглоно.

9.5. Энэ хуулийн 13.1.1-д заасан ёс зүйн дүрэм, хэм хэмжээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлч нар мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана.

9.6 Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч,  хувьцаа эзэмшигчийн нэр албан тушаал, эрхэлж байгаа ажил, хувь нйилүүлэгчийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээний талаарх мэдээллийг жил бүр, өөрчлөлт орсон тохиолдол бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй.

10 дугаар зүйл. Мэдээ, мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглох

          10.1. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
          10.2.  Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх мэдээ, мэдээллийн агуулгад хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

11 дүгээр зүйл. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох


11.1. Төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

11.2. Төрийн байгууллага зөвхөн дараах зорилгоор хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлж болно.

11.2.1. хууль тогтоомж болон төрийн байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам зэрэг шийдвэрийг нийтэд таниулах, мэдээлэх

11.2.2. иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг хүлээн авах, тэдгээрт тайлбар, хариу өгөх.


11.3. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, гадаад бодлогы талаархи мэдээ, мэдээллийг хилийн чанадад түгээх чиг үүрэг бүхий мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хэвлэл мэдээллийн зөвлөл

12 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн зөвлөл

12.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус, мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн хяналт, төлөөллийг хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын өөрийгөө хянах, зохицуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.

12.2. Зөвлөл нь үйл ажиллагаагаа шударга, ил тод, бие даасан, хараат бус зарчмын үндсэн дээр явуулна.
          
12.3. Зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд нэг байна.

12.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, үүсгэн байгуулагч нарыг төлөөлсөн 3 гишүүн, сэтгүүлч нарыг төлөөлсөн 5 гишүүн, иргэдийг төлөөлсөн 3 гишүүн байна.

12.5. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.           

12.6. Зөвлөлийн гишүүнд улс төрийн намын гишүүнийг нэр дэвшүүлэхгүй.   

12.7. Ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон хүнийг Монгол улсын Ерөнхийлөгч зөвлөлийн гишүүнээр томилно.
        
12.8. Зөвлөлин бүрэлдэхүүнд орох хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, үүсгэн байгуулагч нарыг төлөөлсөн 3, сэтгүүлч нарыг төлөөлсөн 5 гишүүнд сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэдийг төлөөлсөн 3 гишүүнд хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тус тус нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид  санал болгоно. 

12.9. Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуульд нэр дэвшсэн болон улс төрийн албан тушаалд томилогдсон тохиолдолд түүнийг Зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

12.10. Зөвлөлийн даргыг тус зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал, хураалтаар нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

13 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

13.1. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

13.1.1. хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, хэм хэмжээг батлах;

13.1.2. хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакци, сэтгүүлч нарын мэргэжлийн үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг хүлээн авах, хянан хэлэлцэх, эвлэрүүлэх, дүгнэлт гаргах;

13.1.3. хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах;

13.1.4. хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах асуудлаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд санал оруулж шийдвэрлүүлэх;

13.1.5. Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн байгууллага болон хэрэгсэл, тэдгээрийн үйл ажиллагааны талаархи статистик тоо баримт, судалгааг эрхлэн гаргах;

13.1.6. хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах баталгааг бий болгох, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаас тавьж буй санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах.

13.2. Энэ хуулийн 13.1.2-т заасан гомдлыг хянан шийдвэрлэх журам болон хөлсний хэмжээг зөвлөл батална.

 
14 дүгээр зүйл. Зөвлөлийн ажлын алба

14.1.  Зөвлөл нь ажлын албатай байна.

14.2. Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, дүрмийг зөвлөлийн дарга батална.

15 дугаар зүйл. зөвлөлийн санхүүжилт


15.1. Зөвлөлийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

15.1.1. хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдийн хандив;

15.1.2. олон улсын байгууллагын хандив;

15.1.3. гомдол, маргааныг хянан шийдвэрлэсэн үйлчилгээний хөлс;  

15.1.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

15.2. Төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх буюу аливаа хэлбэрээр хандив өгөхийг хориглоно.

   ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ


16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага    


16.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хууль хүчин төгөлдөр болох

17 дугаар зүйл Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг ….. оны … -р  сарын ….-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж