ОХУ Ангараг руу гариг хоорондын станц илгээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

ОХУ Ангараг руу гариг хоорондын станц илгээлээ

ОХУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд Байконур дахь сансрын нисэх буудлаас өнөө өглөө "Фобос-Грунт" хэмээх гариг хоорондын автомат станцыг ачсан "Зенит-2 SБ" пуужин зөөгчийг амжилттай хөөргөлөө. "Фобос-Грунт" нь Ангараг гаригийн аль нэг дагуул дээр бууж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх ёстой юм.

ОХУ сүүлийн 15 жилийн турш нэг ч гариг хоорондын станцыг хөөргөөгүй байсан юм. Станц пуужин зөөгчийг хөөрснөөс хойш 11 минутын дараа ажиллах дэглэмд шилжсэн байна. Цаашдаа станц "Фрегат" хэмээх хөдөлгүүрийн тусламжтайгаар өөрөө хөдөлж эхлэх бөгөөд Москвагийн цагаар маргаашийн 05.20 (Монголын цагаар 09.20) цагт Ангарагийн тойрог замд орох юм. Төлөвлөгөө ёсоор "Фобос-Грунт" 2012 оны есдүгээр сард Ангараг дээр газардаж, тэнд БНХАУ-ын “Инхо-1” бичил дагуулыг буулгаж орхиод хөөрч Ангарагийн дагуул Фобос дээр газардах юм. Энэ ажиллагаа 2013 оны хоёрдугаар сард дуусах ажээ. Станц Фобос дагуулаас хөрсний дээж аваад тусгайлан бэлтгэсэн капсулд хийж дэлхий рүү илгээгээд өөрөө дагуул дээр үлдэж судалгаагаа үргэлжлүүлэх юм байна. Хөрсний дээжийн эхний хэсгийг 2014 оны наймдугаар сард хүлээж авна гэж тооцож байгаа ажээ. ОХУ хамгийн сүүлд 1996 онд "Марс-96" хэмээх гариг хоорондын станцыг Ангараг руу илгээх оролдлого хийсэн нь бүтэлгүй болж зонд дэлхийн тойрог замд орж чадалгүй далайд унаж байжээ.  

Х.Сайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж