Ёс зүйтэй худалдагч бэлтгэх дамжаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Ёс зүйтэй худалдагч бэлтгэх дамжаа байна уу?

Худалдагчийн ёс зүй хаанаас  эхлэх бол. Магадгүй худалдааны салбарын эхний үе шат болох  ТҮЦ-ээс эхэлнэ байх. Захын хо­рооллын ТҮЦ-ийн худалдагчийн ам­наас байнга хараал урсдаг гэхэд хилсдэхгүй. Мэдээж түүний аашийг хөдөлгөсөн тохиолдолд шүү дээ. Тиймээс худалдан авах гэж байгаа зүйлийнхээ нэрийг мөнгөтэйгээ хамт аль болох эвээр, эелдгээр өгөх хэрэгтэй. Учир нь энэ бол ТҮЦ-ийн худалдагч. Ямар ч тохиолдолд түүнтэй ам муруйгаад амжилт олохгүй нь ойлгомжтой. Тиймээс ТҮЦ-ний ху­далдагч нарыг тайван орхисон нь дээр. Гэхдээ энэ бол ихэнх ТҮЦ-ний худалдагч гэсэн тодотгол гэдгийг анхаарах тун. Дараа нь бага оврийн хүнсний дэлгүүрийн худалдагч, супермаркетийн худалдагч, томоо­хон дэлгүүрийн худалдагч нар орох биз. Аль болох том худалдааны төв байна төдий чинээ үйлчилгээ, худалдагчийн зан харьцаа сайжрах тийш хандах дүр зураг ажиглагдах болсон нь сайшаалтай ч бүгд тийм биш. Ер нь худалдагчийн зан харьцаанд тааруулж харьцдаг худалдан авагч гэж юу байх вэ дээ. Дур нь хүрэхээр бараагаа зарчихдаг, дургүй нь хү­рэхээр “Авбал ав, авахгүй бол яв” гэх нь холгүй олон худалдагч байгааг бид бүхэн сайн мэднэ. Харин зарим нь урдуур хойгуур гүйлдээд “Та юу авах вэ, ийм ч юм танд зохино, тийм ч юм танд таарна” гээд үйлчилгээ сайтай худалдагч нар бий. Товчхондоо худалдааны салбарын худалдагч нарын харилцааг дээшлүүлэх, мэр­гэжлийн сургалт гээд байх зүйл бараг үгүй. Мэргэжлийн худалдагч гэдэг нэр томъёо ч байхгүй. Чөлөөт цагаараа эсвэл хичээлийнхээ зав зайгаар, аль эсвэл хийх ажилгүй болсон хүмүүс аль нэг газарт худалдагч хийдэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ гайгүй цалинтай сайхан орчноос хэн ч татгалзахгүй шүү дээ. Хамгийн гол нь худалдааны байгууллагуудын нэгж болох ТҮЦ­нээс их дэлгүүрийн хэмжээнд ху­далдагч нарын ааш зан худалдан авагчдын бухимдлыг хүргэдэг зүйл та бидэнд байнга тохиолддог. Сонин дээр гарсан  зарыг ажиглаад байхад ихэвчлэн “Соёлтой, цэвэрч, үнэнч  худалдагч ажилд шалгаруулж авна” гэсэн байдаг.
Худалдагч нарын ааш авир сүүлийн үед хэтэрч байна. Жишээ нь, барилгачин болов уу гэмээр хувцастай хүн дэлгүүрт орж ирээд өөрт хэрэгтэй барааг хайж байх зуур тухайн дэлгүүрийн худалдагчийн гярхай ажигладгийг онцлох нь илүүц биз. Өнөөдөр ямар ч дэлгүүрт худалдан авагч болгон эрх тэгш үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл өнгөтэй өөдтэй хувцас өмсөж, үнэт эдлэл зүүсэн чинээлэг гэмээр хүмүүст худалдагч нар илт долигонож, ба­рааныхаа үнийг нэмэх нь энүүхэнд. Гэхдээ энэ асуудал нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Булан тохой бүрт байдаг жижиг мухлаг, ТҮЦ-үүдийг үйлчилгээнээс халснаар чанартай, үйлчилгээ арай дээр гэсэн үйлчилгээний байгууллагууд шигшигдэн үлдсэн. Худалдагч нарын ихэнх нь ёс зүйн хувьд өмнөх шигээ доголдолгүй болсон гэж хэлж чадахгүй юм. Гар дээрээс наймаа хийдэг хүмүүс, захын худалдагч нарын харьцааны талаар энд ярих нь илүүц биз. Шүүмжлэлтэй хандах зүйл ихтэй. Хаана ч явсан хэрүүл дагасан харанхуй бүдүүлэг орчин.
Худалдагч нар хэнд юу зарах тал дээр ч хууль эрх зүйн мэдлэг    байдаггүйн энгийн жишээ л гэхэд 18 хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи зардаг. Тэр ч бүү хэл “Хажуу хашааны Батаагийн бага хүү байна,  май аавдаа мэнд хүргээрэй”  гээд 0.75-ийн архи ууталж өгөөд гаргахийг нүдээрээ харлаа. Заримдаа ч Төмөр замын захын дэлгүүрүүдээр орохгүй зугтах үе гардаг. Учир нь миний мэдэхийн 3-4 дэлгүүрт 1000 төгрөгийн “найрка” гэдэг архи нууцаар ху­далддаг. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал гээд олон зүйлийн та­лаар мэргэжлийн байгууллага шүүмж­лэлтэй хандаж байгаа. Харин эдгээр асуудлууд дунд тухайн дэлгүүрийн худалдагчтай холбоотой нэг ч зүйл яригдахгүй байгаа нь харамсалтай. Худалдагч соёлтой, боловсон, 18 хүрээгүй хүүхдэд архи тамхи зардаггүй, 1000 төгрөгийн “найрка” зардаггүй, худалдан авагчтай эелдэг харьцдаг байхад юу нь болохгүй байдаг юм бол. Ер нь дэлгүүр ажиллуулбал “ёс зүйтэй худалдагч ажилд авна” гэж бичвэл ажилд орох худалдагч тэр болгон олдох болов уу.
Гадны жишгээс харвал тэнгэр газар шиг өөр. Урд хөршийн талаар л жишээ татья. Эрээний ганзагын наймаачид, хятад худалдагч нарын занг сайн мэднэ дээ. Монголчууд бид Эрээн, Хөх хот, Бээжин зэрэг БНХАУ-ын томоохон хотуудаас бараагаа татдаг. Гэтэл бараагаа зарах гэсэн худалдагч нар яадаг билээ. Манайд яаж байна. Үүнд их ялгаа байгаа биз. Тэнд өөрт байгаа бараагаа зарах гэж хичээж байгаа худалдагч нар байхад энд худалдан авагчтайгаа хэрүүл хийгээд ажлаа хийж байгаа дүр үзүүлдэг худалдагч нар ч байдаг. Бас болоогүй супермаркетийн ху­далдагч нар их хэмжээний хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авах то­хиолдолд илүү зүйл бичиж, мөнгө залилахыг оролддог. Баригдаад хамт олныхоо дунд нэр хүндгүй болж байсан худалдагч ч байдаг гэсэн. Уг нь ху­далдагчийн хийж байгаа зүйл олон нийттэй харилцаж байгаа ажил баймаар юм. Саяхан манай гэрийн хажууханд нэг дэлгүүр шинээр нээгдсэн. Үйлчилгээ нь ч аятайхан юм. Худалдагч нь жигтэйхэн сайхан ааш зантай. Тиймээс сарын дараа байрныхан тус дэлгүүр рүү байнга орж үйлч­лүүлэх болсон. Яг энэ мөчөөс л өнөөх худалдагч байнга сайхан ааштай байх албагүй гэдгээ мэдсэн бололтой. Дараагийн хэд хоногоос худалдагчийн нүүрэнд байнга ярвайлт тодордог болсон. Хөөрхий, аргагүй биз. Байнга худлаа инээмсэглэж “Сайн байна уу, манайд тавтай морил. Та юу авмаар байна” гэсээр залхсан биз. Уг нь худалдагч гэдэг үгний гарал тун сонирхол татам  юм билээ. Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуулийн нэгэн багш “Худал+дагч. Өөрөөр хэлбэл худал хэлж, үйлчлүүлж байгаа хү­мүүсийг боловсон хулхидах” хэ­мээн тайлбарласан. Худалдагчийн хариуцлага зарж байгаа бараа бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой байдаг. Хүнсний дэлгүүрээс хугацаа нь дууссан сүү, жүүс худалдан авсан тохиолдол гарсан. Бүр “өт” хүртэл гарсан худалдан авагчид бидний сэтгэлийг гонсойлгосон мэдээ, мэ­дээллүүд цацагдсан удаа бий. Зарж, борлуулж байгаа зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь бас нэг зөрчил. Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө хугацааг нь сайтар харах ёстой. Үгүй бол эрүүл мэндийн тань асуудал хөн­дөгдөнө. Иймэрхүү асуудлыг нь хэлээд анхааруулаад өгөхгүй атлаа хариулт 20, 40, 50 гэх мэт төгрөгийг “задгай мөнгөгүй” хэмээн авдаг худалдагч нар байдаг. Өөрсдөө нэг ч төгрөг дутаахгүй авдаг нь арга ч үгүй биз. Худалдагчийн анги гэж хэн ч сонсоогүй л байх. Гэхдээ өнөөдөр олон нийттэй хэрхэн харилцах, харилцааны талаарх мэд­лэгээ жаахан ч гэсэн дээшлүүлэх нь илүүдэхгүй учир ёс зүйтэй худалдагч бэлтгэх дамжаатай болбол яасан юм бэ. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж