“Гоёл”-оос төрсөн топууд

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“Гоёл”-оос төрсөн топууд

Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам ирэх арванхоёрдугаар сарын эхээр болох гэнэ. “Гоёл-2012” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 1-7-ны өдөр оролцогч дизайнеруудын коллекциор загварын долоо хоног зохион байгуулах аж. Харин арванхоёрдугаар сарын 8-нд шилдгүүдээ тодруулж, Монголын 13 дахь топ моделийг нэрлэж, шилдэг дизайнеруудыг шалгаруулах юм. 2001 оноос эхлэн “Гоёл” наадам Монголын топ модель хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. “Гоёл” наадмаас төрсөн 12 топ моделийг танилцуулж байна.

Э.Одгэрэл
“Мөнхийн залуу хатагтай” гэх тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1986 оноос загвар өмсч эхэлсэн. Тэрбээр “Гоёл” наадмаас төрсөн анхны топ модель юм.  Э.Одгэрэл 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. “Шилмэл загвар” компанийн агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан Э.Одгэрэл одоо ч тайзнаасаа “буугаагүй” байгаа.

Д.Болормаа
Тэр бол бизнес хатагтай. Д.Болормаа 2011 онд Э.Одгэрэлийн хамт “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртэж байлаа. Тэрбээр 1990 оноос загвар өмсч, загварын ертөнцөд хөл тавьсан. Харин өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шинэ, соргог “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд зүтгэж яваа. Түүний шавь нар Монголын шилдэг загвар өмсөгчдын эгнээнд бичигддэг нь сайн загвар өмсөгч төдийгүй сайн багш болохыг гэрчилдэг гэж болно. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ.

Д.Цолмон
Д.Цолмон хэмээх энэ бүсгүй 2002 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан. Тэрбээр өдгөө “MCS” компанид ажилладаг бөгөөд жил жилийн “Гоёл” наадмын загвар өмсөгчдийг бэлтгэдэг юм.  Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-нд төрсөн. Анх 17 наснаасаа загвар өмсч эхэлжээ.

Ч.Туяацэцэг
Дизанйеруудыг Ч.Туяацэцэгийг хамгийн чадварлаг загвар өмсөгч хэмээн үнэлдэг. Тэр дизайнеруудыг хувцсыг тайзнаа амилуулж чаддаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Тэрбээр 2003 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн бөгөөд хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр 1978 оны дөрөвдүгээр сарын 9-нд төржээ. Өдгөө  “MCS” компанид ажилладаг байна.

Х.Ундраа
Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлсэн. Өдгөө “Mobicom” компанид ажиллаж байгаа Х.Ундраа “Гоёл 2004” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй топ Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан “топ модель” хэмээн үнэлдэг юм билээ.

Т.Баярзул
Багаасаа ардын бүжгээр хичээллэж, даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг Т.Баярзул 2005 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан юм. Тэрбээр “Монгол Ньюс” компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, “Улаанбаатар” зочид буулын захирал н.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан билээ.

Д.Пүрэвсүрэн
Тэр бол хамгийн алдартай топ модель. Эршүүд зан, хээгүй яриатай Д.Пүрэвсүрэн олон мэргэжилтэй. Үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж чаддаггүй нэгэн. Тэрбээр 2006 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв.

Г. Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэг. Түүнийг саяхнаас биедээ хамгийн их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжлөх болсон юм. Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ.

Г.Алимаа
1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу “шилжсэн” Г.Алимаа 2008 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн. 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан билээ.

О.Уянга
14 наснаасаа загвар өмсч эхэлсэн О.Уянга 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр сүүлд “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглоод амжсан билээ.

Ч.Уранбилэг
2010 онд “топ модель” өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Ч:Уранбилэг. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс”, шилдэг фото мисс гээд чамгүй амжилттай нэгэн. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг юм билээ.

Э.Сэлэнгэ
Отгон “топ”. Түүнийг хамгийн гоё өгзөгтэй топ модель хэмээн өргөмжлөөд байгаа. 17 настайгаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон тэрбээр өнгөрсөн онд “топ модель” өргөмжлөл хүртсэн юм. Э.Сэлэнгэ өдгөө “Шилмэл модель” агентлагт багшилж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж