
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зүгээс “Тогтоолын хавсралтад заасан хуулийн төслүүдийг боловсруулах ажлын явцад холбогдох мэргэжлийн хүмүүс, гадны зөвлөхүүд “Зарим хуулийн төслийг бие даасан хууль болгон батлах шаардлагагүй. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хуульд бүлэг, зүйл болгон оруулах замаар зохицуулах боломжтой” гэсэн зөвлөгөө өгсөн. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хорооны хоёр ч удаагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, дэмжсэн” гэсэн юм. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хэлж буйгаар нийт 14 хуулийг бусад хуульд бүлэг, зүйл, заалтаар оруулж тогтоолын хавсралтаас хасах хэрэгтэй байгаа аж. Ингэснээр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн талаас илүү дөхөм болох учиртай аж. Тодруулбал, Хот суурины төлөвлөлтийн тухай, Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслүүдийг Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүйл, заалтаар оруулах боломжтой гэж үзжээ. Мөн Авто зогсоолын тухай хуулийн төслийг Хот тохижуулалтын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хавсаргах, Орон сууцны барилгыг шинэчлэн барих тухай, Газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг Хотыг дахин хөгжүүлэх тухай болон Газрын тухай хуулийн төсөлд нэгтгэх боломжтой гэж үзжээ. Харин Газрыг улсын мэдэлд эргүүлэн авах тухай хуулийн төслийг Хотыг дахин хөгжүүлэх тухай болон Газрын тухай хуульд нэгтгэх боломжтой гэнэ. Гишүүдийн зүгээс “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй хуулийг 2010 оны намрын чуулган, 2011 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж, батлуул гэж тогтоолд заасан. Эдгээр хуулиудыг УИХ-аас заасан хугацаанд нь багтаан батлуулах ёстой байсан. Гэтэл батлуулах хугацаа нь өнгөрчихөөд байгаа энэ үед “Хэд, хэдэн хуулийн төслийг батлах шаардлагагүй боллоо” гээд хасах гэж байгаа нь ямар учиртай вэ” гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Ямартай ч гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулсныг тоймлон хүргэе
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тогтоолыг батлаад багагүй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөрийн явц ямар шатандаа байна вэ?
-Одоогоор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын саналыг цуглуулсан байгаа. Саналыг тендер зарлаж нийслэл, 21 аймаг, гурван хотоос хоёр сарын хугацаанд цуглуулсан. Нийтдээ 160 мянган айлын орон сууц барих төсөл, зураг бэлэн болсон байгаа. Харин төмөр замын хувьд 250 километр замын трасс, геологи, гидрогеологийн ажлуудыг хийсэн. Мөн таван сумыг загвар сум болгон хөгжүүлэх санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгасан байгаа. Төв, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймгийн таван суманд Канад технологиор загвар сум байгуулна. Загвар сумын төсөл амжилттай хэрэгжвэл хоёр дахь ээлжинд 96 сумыг дээрх технологийн дагуу хөгжүүлэх зорилт тавьж ерөнхий төлөвлөгөө гаргасан байна. Ерөнхийдөө цаасан дээрх ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байгаа гэж хэлж болно.
-Зарим хуулийн төслийг бусад хуульд зүйл, заалт болгон оруулах гэж байгаа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нөлөөлөх үү?
-Энэ нь хөтөлбөрийг хурдлуулах явцад анхаарч байгаагийн нэг хэлбэр. Явцыг хурдлуулахыг хичээнэ.
“Шинэ бүтээн байгуулалт” ийнхүү цаасан дээр өрнөж байгаа аж. Гэхдээ Х.Баттулга сайдын хэлсэн үгнээс “Ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл зэрэг цаасан дээрх ажлуудыг хийж дуусах тийшээ ханджээ” хэмээн ойлгож болох нь. Холбогдох хууль журмуудыг баталчихвал цаасан дээр хэрэгжиж буй бүтээн байгуулалт амьдрал дээр хэрэгжих цаг нь ойрхон ирсэн бололтой. Дашрамд дурьдахад, иргэдэд орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл олгох журмыг Засгийн газар “Ярилцаад л байгаа” гэнэ.
"Улс төрийн тойм" сонин
