
Алдаж үзээгүй хүнд “оноо” гэж байдаггүй гэдэг. МНН -ын хувьд хангалттай ихийг алдлаа. Гэвч энэхүү алдаатай, сүүдэртэй бүхэн бидний ирээдүйн их үйлсийн шалтгаан нь байх болно. “МНН ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх түүхэн их үйлсээ эхлүүлэх цаг боллоо” гэсэн цаг үе, нийгмийн шаардлагыг бид хүлээн авч, Монголын улс төрд шинэ хуудас нээх, “Цэвэр төрийн төлөөх тэргүүлэгч хүчин”-ийг бүрдүүлэх үйл хэргийг эхлүүлж байгаагаа тунхаглаж байна.
Монголын Ногоон нам улсын бүртгэл дэх эрэмбээрээ гуравдугаарт байгаа нь улс төрийн болоод утга бэлгэдлийн чухал учир холбогдолтой юм. Тулгын гурван чулууны бэлгэдлээр бол Монголын төрд эн тэнцүү гурван талт хүчин оршиж гэмээнэ жинхэнэ хяналттай эрүүл бодлого хэрэгжиж, төр улс маань тогтвортой оршин тогтнох нөхцөл бүрэлдэх учиртай. Тиймээс ч өнөөдөр Монголын улс төрд шинэ, эрүүл улс төрийн хүчнийг бүрдүүлэх нь цаг үе, нийгмийн хүсэн хүлээсэн захиалга болоод байна.
Энэ бүхнийг үндэслэн Монголын ногоон намаас уриалах нь:
Нийгэм экологийн баримжаатай, эдийн засгийн тогтвортой хөгжил, эх оронч дэвшлийг байгуулах “Цэвэр төрийн төлөөх тэргүүлэгч хүчин”-ийг бүрдүүлэх их үйлсэд эвсэн ажиллахыг нийт улс төрийн намууд, иргэний нийгмийн хүчнүүд, эвсэл хөдөлгөөнүүд, нам бусчууд, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад нэр төртэй, гар бие оролцож яваа төр нийгмийн зүтгэлтнүүд, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хувь хүн, хэн бүхэнд хандан Монголын Ногоон намаас уриалж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, байгаль экологид хэзээ хэзээнээс илүү заналхийлэл, бодит эрсдэл үүсээд байгаа энэхүү түүхэн цаг үед шударга бус явдал, хуйвалдаан, бохир улс төр, хариуцлагагүй засаг, бусармаг бүхний эсрэг нэгдмэл зорилгоор хамтран ажиллах боломжийг нээж “Цэвэр төрийн төлөөх тэргүүлэгч хүчин”-ийг байгуулах орон зайд эх орончдыг дуудаж байна” гэжээ.