“МАН-ынхантай зохицно гэдэгт итгэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

“МАН-ынхантай зохицно гэдэгт итгэхгүй байна”

УИХ-ын гишүүн Б.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Ардчилсан намынхны са­налыг хүлээн зөвшөөрснөө өчигдөр /уржигдар/ мэ­дэгдсэн. Бас “Бид буулт хийгээгүй шүү” гэдгээ ч он­цоллоо. Сонгуулийн тог­­толцоог шинэчлэх та­лаар хагас жил шахам үр­гэлжилсэн маргаанд эрх баригчид ийн цэг тавих болсон нь ямар учиртай юм бол. Та эл үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр намын бүлгийнхэн хоорондоо зохицож, Сон­гуу­лийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс­лийг батлах нь хувь хүнд биш, улс оронд л хэрэгтэй. Гэвч зарим гишүүн, намын бүлгүүдийн зүгээс янз бү­рийн асуудал тавьж буй нь зохимжгүй юм. Хэрэв Ардын нам, Ардчилсан намынхан зөвшилцөж чадахгүй бол УИХ-ын гишүүдийн санал ху­раалтаар шийдчихэж бол­но. Тиймээс Д.Дэмбэрэл дарга хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн батлах сануулга өгсөн нь зөв. Гэхдээ эрх баригчид манай намтай зохицно гэдэгт би нэг их итгэхгүй байна. Энэ бол Ардын нам болон Ардчилсан намынхан нэг нэгэндээ хүлээцтэй хандаж байгаагийн нэг хэлбэр.

-Ардын намын удирд­лагууд спикерт шахалт үзүүлсэн юм биш биз. Удир­дах зөвлөл нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж, сон­гуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг С.Батболдоор ахлуулан байгуулсан. Үүнээс хойш нэг, хоёрхон хоногийн дараа УИХ-ын дарга гишүүддээ яаравчлахыг сануулсан шүү дээ? 

-Ардын намынхан Д.Дэмбэрэлд ямар шахалт үзүүлснийг бид яаж мэдэх вэ. Тэгээд ч юм болгоныг үргэлж нөгөө өнцгөөс нь харж дүгнэх хэцүү. Тиймээс бодитой, үндэслэлтэй зүйл ярих хэрэгтэй. Миний хувьд, Д.Дэмбэрэл дарга хувь гишүүн, спикерийнхээ хувьд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэрхэхээ нэн даруй шийдэхийг үүрэг болгосон байх гэж бодож байна.

-“Нийслэлийн тойргуудад нэр дэвшигчдийн мандатын тоог нэмэх тухай саналыг тань хүлээн авлаа” гэж нөгөө жигүүрээс мэдэгдчихээд байхад Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Олонхи, цөөнхөөрөө ялгаран кноп дардаг үе өнгөрсөн” гэж яагаад хэдэрлээд байгаа юм бол?

-Энэ асуултыг Ч.Сайханбилэгээс л асуу. Тэнд чухам юу болоод байгааг бид мэдэхгүй шүү дээ.

-Нэг нь нэг тоо хэлэхээр нөгөө нь өөр тоо хэлдэг. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэсэн биш улс төрд ийм л нөхцөл байдал үүссэн. Хамтарсан Засгийн газар, бас Н.Алтанхуяг даргынхаа талаар эсрэг тэсрэг бодолтой ч танай намынхан сонгуулийн тогтолцоог шинэчлэх талаар нэгдмэл байж чадаж байна уу. Аль эсвэл удирдлагын хүрээнд бүх зүйлийг шийдэж, тэр нь Ардчилсан намынхны бойкот болж харагдаад байгаа юм биш биз?

-Бүлгийн хүрээнд энэ тухай ярилцаж байгаа. Ажлын хэсгийнхэн ч бидэнд тодорхой мэдээлэл өгч байна. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар бид маргааш /өнөөдөр/ хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргана.

-Ардын намынхны дэлгэсэн “хөзөр”-ийг харахад яарч давчидсан нь харагдаж байна. Учир нь тэд Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийг тус бүр нэг мандаттай болгох хувилбар дэвшүүллээ. Гэвч Сүхбаатар аймагт ямагт ялалт байгуулдаг Ч.Улаан гишүүнийг яах болж байна вэ. Өмнөговийг байг гэхэд Оюутолгой, Тавантолгойг эрх баригчид хяналтаасаа гаргах гэж үү. Эрх баригчдад ямагт саналаа өгдөг Булган, Говь-Алтайд ч ийм “цомхотгол” хийхээр шийдсэн нь эрсдэлтэй биш үү?

-48:28 хэмээх хувилбарыг хуульчлах эсэхээ бид шийдэх гэж байна. Тойргийн тоо нь 26 болчихож байгаа учраас мандатын тоо цөөрөх нь аргагүй. Тэгээд ч Булган, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар аймгийн сонгогчдын тоо харьцангуй цөөн. Гэтэл Улаанбаатар хотын хүн амын тоо 2000-2010 онд бараг 70 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, нийслэлчүүд 2000 онд 760 мянгуулаа байсан бол өнөөдөр нэг сая 240 мянга болсон. Гэсэн атал Улаанбаатар хотын тойргууд жижигхэн байж болохгүй биз дээ. Тиймээс нэг мандатад оногдох сонгогчдын тоог шинэчлэн тогтоох хэрэгтэй. Энэ л хамгийн чухал. Тухайлбал, 40 мянган хүн амтай аймгийн мандатын тоог хоёр болголоо гэж бодъё. Тэгвэл нэг мандатад 20 мянган сонгогч оногдоно гэсэн үг. Нийслэлийн Баянзүрх дүүрэг гэхэд л 400 мянга гаруй хүн амтай. Харин мандатын тоо нь хоёр байвал ямар вэ. Ийм байж болохгүй шүү дээ. Дөчин мянга, 400 мянгын хооронд асар их зөрүү бий. Тэгэхээр Улаанбаатар хотод мандатын тоог нэмэх нь зөв. Сонгогчид саналаа өгөх эрхийг л тэгш хуваарилах хэрэгтэй. Ардын намынхан “Нэг мандат, нэг тойрог” гэсэн хувилбараасаа татгалзаж “Олон мандат, 26 тойрог” гэх манай намын саналыг хүлээн зөвшөөрлөө. Түүнээс биш Ч.Улаан гишүүнд тал засаж тойрог бэлэглэх тухай асуудал байх юм бол энэ чинь явахгүй. Ер нь аль намын хэн гэдэг нөхөр хаанаас сонгогдсон бэ гэдэг нь Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхэд ямар ч хамаагүй. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзаж байж л сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхойлно.

-УИХ-ын 2008 оны сонгууль улстөрчдөд, бас сонгогчдод ихээхэн сургамж өгсөн байх. Тэр үед нэг намаас нэр дэвшигчид өнгөн дээрээ баг болон ажилласан ч “хөшиг”-ний цаана бие биенийхээ эсрэг ажиллацгаасан. Ардын намынхан иймэрхүү нөхцөл байдал, “Долоодугаар сарын 1”-ний хэрэг явдал давтагдахаас болгоомжилж байх шиг байна?

-Зөвхөн Ардын нам биш, манайх ч гэсэн хэцүү шүү дээ. Ардчилсан намаас нэр дэвшигчид ялагдахыг яалаа гэж хүсэх вэ. Тухайн үед тиймэрхүү явдал болж л байсан. Гэхдээ хэнийг сонгохоо сонгогчид мэднэ. Нам, намаас нэр дэвшигчид нэг баг болон ажилладагт би нэг их эмзэглэдэггүй. Сонгогчид тухайн хүнийг сонгохдоо тулбал сонгож, нэр дэвшигчид ялахдаа хүрвэл ялдаг л хорвоо.

-Эрх баригчид Бага хурлын ээлжит хуралдаанаа энэ сарын 28-нд хийхээр товлосон. Танай намын Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдах вэ?

-Хараахан товлоогүй байна.

-УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлаагүй ч Ардын намынхан 2012 оны сонгуулийн бэлтгэл ажлаа эхэлчихсэн. Харин Ардчилсан намынхан хэр хөдөлгөөнд орж байна вэ?

-Ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа. Тэд санал, дүгнэлтээ гаргачихвал Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэж УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажлаа албан ёсоор эхэлнэ. “Дараа жилийн наадам хол байна даа, хол байна” гэдэг шиг сонгууль эхлэх ч хол байна. Тиймээс дэндүү эрт улстөржиж болохгүй. Сонгууль бол сонгууль. Тэр үеэр л кампанит ажлаа идэвхтэй өрнүүлэх ёстой. Түүнээс бусад үед намын дотоод ажлаа хийх учиртай.

-“Намын байр барихад яагаад хандив авах ёстой гэж”. Танай намынхан өнгөрсөн долоо хоногт 4:11 уулзалт хийх үеэрээ “Намын шинэ байртай болохын тулд гишүүд, дэмжигчдээсээ хандив авна” гэж мэдэгдсэн нь ийм шүүмжлэл дагууллаа. Ер нь хандиваар улс төрийн “Харш” босгох нь зөв үү, буруу юу. Үүнээс гадна танай нам сонгуульд нэр дэвшихийг хүсэгчдээсээ 50, 50 сая төгрөгийн хандив авч байгаа?

-Тэр байрыг хандиваар барихгүй, өөр юугаар барих юм бэ. Үүнээс өөрөөр мөнгө олох арга намд байхгүй. Намын гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар хөрөнгө босгох нь байж болох л үзэгдэл. Миний хувьд, буруутгах шалтгаан алга. Тэгээд ч “Намын шинэ байр барих гэж байна. Чи заавал мөнгө өг” гэж тулгаагүй. Энэ бол сайн дурын ажил. Манай нам ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс тус бүр 50 сая төгрөгийн хандив авч байгааг би “Зөв” гэж хэлж чадахгүй. Үүний цаана хууль зөрчсөн асуудал бий. Учир нь хүний нэр дэвших эрхийг мөнгөөр хэмжиж болохгүй. “Чи 50 сая төгрөг өг. Тэгвэл нэр дэвшүүлье” гэж шахаж яагаад ч таарахгүй. Намын гишүүн хэнбугайд ч сонгуульд нэр дэвших эрх бий.

-Гэхдээ л та шийдвэрийг хүндэтгээд хандив өгсөн байх аа?

-Өгсөн, өгсөн. Намын гишүүний хувьд би хандивын мөнгөө өгсөн. Гэвч “Би заавал нэр дэвшинэ шүү” гэж хандивласан ч юм биш. Ардчиллын үйл хэрэгт олон жил зүтгэсэн улстөрчийнхөө хувьд Ардчилсан намдаа хандивласан. Надад хэцүү л санагддаг. Тавин сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Сар бүр хоёр сая төгрөг өгч байна гэсэн үг шүү дээ.

-Ардчилсан намын зарим гишүүн “Юмыг яаж мэдэх вэ” гээд 50 сая төгрөгөө өгчихсөн” гэж ярьсан. Харин та “Нэр дэвшихгүй байсан ч яах вэ” гэж бодож байна уу? 

-Ирэх сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна. Нам юу гэх нь вэ. Түүнийг л хүлээж байна. Нам намайг “Чингэлтэйд нэр дэвш” гэхэд дэвшиж л байсан. “Баянхонгорт өрсөлд” гэхэд ч бас адилхан. Үүнтэй адил “Битгий нэр дэвш” гэвэл нэр дэвшихгүй байж ч болно. Тэд надад “Та өрсөлдөх хэрэгтэй байна” гэвэл пожалуйста. 

-З.Энхболд тэргүүтэй есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаа уламжилсан ч “Энэ талаар хэлэлцэх эрх зүйн үндэслэл байхгүй” гэдэг хариулт сонслоо. Тиймээс тэд УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Ер нь яагаад хэлэлцэж болдоггүй юм бэ?

-Хуулиа л баримтлах ёстой. Засгийн газрын гишүүнийг “Ажил, үүргээ гүйцэтгэх чадваргүй” гэж үзэх нь нэг хэрэг. Харин Ерөнхий сайд бол өөр. Тэр хүн гүйцэтгэх засаглалын бүтцийг тодорхойлдог. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу нийт 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурснаар УИХ хэлэлцэх учиртай. Хуульд заасан эл үндэслэлийг дагах нь зөв л дөө. Тэгэхгүй бол төрд тогтворгүй байдал үүснэ. Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг.

-Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд энэ тухай зөрүүтэй тусгасан нь эрхэм гишүүдийн дунд маргаан дэгдээсэн. Ерөнхий сайдыг огцруулах саналтай байгаа есөн гишүүний хувьд дэгийн тухай хуулийн заалтыг урьтал болгож байгаа. Харин та?

-Үндсэн хуулиа л дагах ёстой. УИХ-ын дэгийн тухай хууль энд хамаагүй. Үндсэн хуулийг юуны учир “Эцэг” хууль гэдэг билээ. Бүх зүйл ойлгомжтой биз дээ. Би дахин хэлье. УИХ-ын ээлжит сонгууль эхлэх дөхсөн үед Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй. Тийм учраас тэрхүү саналд гарын үсэг зураагүй юм. “Огцруулах шаардлагатай” гэж үзсэн бол би 10 дахь гишүүн нь болоод гарын үсэг зурчихсан байх байлгүй.

-Та “Хэл амны бай болсон фосфоритын ордоо ард түмэндээ өгнө” гэж хэлсэн удаатай. Үүнийг ажил хэрэг болгосон уу?

-Үгүй одоо байж л байгаа шүү дээ. Наашилдаг ч үгүй, цаашилдаг ч үгүй нэг “юм” байна. Энэ тухай яриад бараг 10 жил өнгөрлөө. Гэтэл үүнийг тоодог газар дэлхийд алга. Улстөржих хэрэгсэл болоод л байж байна. Одоо яая гэх вэ. Тэгээд ч энэхүү орд бол зөвхөн миний өмч биш. Би тэр компанийн найман хувийг эзэмшдэг. Бусад нь өөр хүмүүсийнх. Гэхдээ “Тэр, тэр төдөн хувь эзэмшдэг” гэж зарлаад яах вэ. Өөрийнхөө эзэмшдэг хувийг л хэлчихье.
 
-Ардын нам, Ардчилсан намынхны тохиролцоо, тоглоомын дүрмээр ирэх жилийн сонгууль болохгүй нь ойлгомжтой боллоо. Нөхцөл байдал ийм байхад танай намын генсек “Парламентыг зөвхөн Ардын нам, Ардчилсан намынхан бүрдүүлэх нь бүтэшгүй зүйл” гэжээ. Сонин санагдахгүй байна уу?

-Өө, бас тийм зүйл ярьж уу. Үгүй, яах вэ дээ. Сонгогчид л бүхнийг шийднэ. Аль намыг олонхи болгох вэ, хэнийг сонгох вэ гэдэг бол миний асуудал биш. Сонгогчийнхоо хувиар би Ардчилсан намаа дэмжинэ. Гэр бүлийнхнээ ч “Түүнд саналаа өг” гэж ятгахгүй. Хэнийг сонгох нь тэдний эрх. Харин би юу хүсэж байгаагаа ярьж болно. “Ардчилсан нам парламентад олонхи болоосой. Ардчиллын үйл хэргийг бэхжүүлж, эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлээсэй. Бусад намын оролцоо ч тэгш байгаасай” гэж хүсдэгээ хэлэх эрх нь минийх.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр нэлээд зальжин бодлого хэрэгжүүлж байна. Экс Ерөнхийлөгч МАХН, харин М.Энхсайхан Монгол үндэсний ардчилсан нам буюу МҮАН-ын дарга. Тэгэхээр нэг нь Ардын намын хуучин нэрээр тоглолт хийж, нөгөө нь МҮАН-ын сүүлийн хоёр үг буюу Ардчилсан нам гэдэг үгээр сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх тактик хэрэглэх бололтой?

-МҮАН буюу Монголын үндэсний ардчилсан нам 2000 оны арванхоёрдугаар сард татан буугдсан. Бид МҮАН биш, Ардчилсан намын түүхийг бичилцэж, УИХ-ын гурван ч сонгуульд оролцлоо. Тиймээс сонгогчид маань намын нэрийн тухайд будилж төөрөлдөх нь юу л бол. Хүмүүс хууль ёсны эрхийнхээ дагуу ямар ч нам байгуулж болно. Нийт 800 хүнээр гарын үсэг зуруулж чадсан л бол нам байгуулах эрх хэнд ч нээлттэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж