Г.Уянга: Би эрүүгийн хэрэг хийгээгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Би эрүүгийн хэрэг хийгээгүй

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таниар сонин юутай байна.  Өнгөрсөн хавар “Ард түмний их хуралдай” зохион байгуулснаасаа хойш хэсэг чимээгүй байсан. Харин сүүлийн үед Сонгуулийн хуулинд өөрчлөлт   оруулах асуудлаар  дуугарч байна лээ?

-Бид огт чимээгүй байгаагүй, байнга ажилласаар байгаа. Орон нутагт явах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах, эвсэл байгуулах ажлаа цэгцлэх гэх мэтээр. NBS телевизтэй хамтран бямба гараг бүр “Ам алдвал барьж болдоггүй” гэж нэвтрүүлэг хийж байгаа. Одоо бас өрөнд баригдчихаад амьдрал нь хэцүү байгаа хүмүүсийг оролцуулсан цуглаан хийх гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна. Өнөөдөрболох шүүх хурлын дараа манай намынхан орон нутаг руу гарна. Бид ер нь зүгээр суудаггүй шүү дээ, та нар л юу хийж байна, яаж байна гэж асуудаггүй болохоос. Байнга асууж мэдээлж байвал бидний зүгээс сэтгүүлчдэд үргэлж нээлттэй байдаг.

-Иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл байгуулсан. Ингэлээ гээд ямар үр дүн гарах бол. УИХ-ын суудлын төлөө бужигнаад эхэллээ.  Та бүхэнд орон зай олгохгүй л гэж үзэх байх даа?

-Яахав, бид МАН-АН-гийн эсрэг сөрөг хүчнийг бөөгнүүлэх гээд ажиллаж л байна. Иргэний хөдөлгөөнийхөө хувиар хэнээс ч  хамааралгүй бие даасан үйл ажиллагаагаа явуулна. Бид сонгуулийн үр дүнгийн төлөө ажилладаггүй, тэгж ч байгаагүй. Ашигт малтмалын хуулийг өөрчлөх, Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтайгаар байгуулах, монголчууд газар нутагтаа эзэн байх, Монголын улс төр эрүүл, хариуцлагатай болох гээд илүү том зорилгын төлөө ажиллаж байсан. Сонгуулийг бид харахдаа, энэ бүхэнд сонгууль нөлөөлөх ёстой  гэдэг утгаар л хардаг. Орон зайн тухайд, мэдээж эрх баригчид өөрсдөөсөө өөр хэнийг ч гаргахгүй л гэж үзэж, сонгуулийн хуулиас эхлээд бүхнийг зохион байгуулж байгаа. 2004 оноос эхлээд парламент манантсанаас хойш Монголын улстөрд иргэний хөдөлгөөнүүд гол тоглолт хийж, гол орон зайг эзэлсээр байна. Шударга ёсны орон зай биднийх болсон. Одоо түүнийг парламентад оруулах хүсэл олон нийтэд байгаа гэж бодож байна. Үүнийг удаан хааж боож чадахгүй шүү дээ.

 -Зарим уншигчид  иргэний хөдөлгөөнүүдийг сонгуульд суудал авахын тулд ард түмний дуу хоолой болж “жүжиглээд” эхэллээ гэх  юм?

-Биднийг найман жил “олон түмний дуу хоолой болж жүжиглэсэн” гэж бодъё л доо, тэгвэл энэ “жүжиглэл”-ийн үр дүнд Оюутолгойнхоо дөнгөж хоёр хувийг авахаар эрх баригчид тохирчихоод байсныг бид 34, бүр 50-аас доошгүй хувь болголоо. Бид үүний төлөө жагсаал цуглаан хийж, Айвенхоугийн эсрэг тасралтгүй тэмцэж, автобус унагааж “жүжиглэсэн” болъё л доо, яахав.  Найман жилийн өмнө Монголын төр авлигад идэгдсэн гэдгийг хүмүүс зөвшөөрдөггүй байсан юм шүү, одоо бол эрх баригчид өөрсдөө ч зөвшөөрч байна. Газар шороо ашигт малтмалын асуудлыг бид хамгийн түрүүнд сөхөж тавьж, эсэргүүцэн тэмцсэн. Сэтгүүлч А.Баатархуягийг найман жилийн өмнө олигопол эдийн засаг гэдэг үгийг хэрэглэхэд эрх баригчид Монголд Орос шиг олигархи байхгүй гэж мэтгэж байлаа. Шударга бусын эсрэг бид л тууштай явсаар байгаа. Харин гадны гар хөл бологч, жинхэнэ гаднынхны мөнгөөр угжигдсан тархи угаагчид биднийг “хөлсний жагсагч”, “рэкетчин” өөр юу юу ч билээ, элдвээр нэрлэдэг. Тэр үед биднийг гаднаас мөнгө аваад Монголын төрийн самрах гэж байна гэцгээдэг байсан. Харин одоо хэн нь гадны мөнгөөр Монголын төрийг самарч байгааг, ард түмний тархийг угаахыг оролдож байгааг хүмүүс мэддэг болсон доо.   

Ер нь бол бид суудал авна. Бид жүжиглээгүй, суудал авна гэдгээ хэлж байна. Эд яагаад биднийг оруулахаас айж хулчийж байдгийг бодож үзсэн үү. Бид орвол хамтын хуйвалдаанд нь орохгүй гэдгийг мэдэж байгаа учраас айж байгаа юм. Бид тэнд олноороо орвол их олон зүйлийг илчилнэ гэдгийг мэддэг учраас оруулдаггүй юм. Бид орвол долдугаар сарын 1-ний хэргийн жинхэнэ эзнийг олно, тэр үеийн хуульзүйн сайдад арга хэмжээ авна. Тэр үед Ц.Мөнх-Оргилыг хуулийн дагуу шийтгэсэн бол Ц.Нямдорж өнөөдөр ард түмнээ буудах хууль санаачлаад салбаганаж байхгүй байсан юм. Бид парламентад орвол түүний тагнуулын хэргийг эцэслэнэ, замыг там очир болгодог хүний компани яахаараа Оюутолгой төслийн замыг тавих тендерт шалгардгийг, яахаараа засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэг компанийн барьсан байшинд амьдардгийг…гэх мэт гэх мэт. Олон зүйлийг ил болгох учраас эд айдаг юм. Гарцаагүй үнэн бол энэ. 

-УИХ-ын сонгуульд иргэний хөдөлгөөнүүд эвсэж оролцох  боломжийг нээж өгөх талаар хэвлэлийн хурал хийж байсан. Тэр асуудалд нааштай хариу ирсэн үү? 

-Бид хариу хүсээгүй, шаардлага тавьсан. Дээрх шалтгааны улмаас тэд иргэний хөдөлгөөнүүдэд нэр дэвших бололцоо олгохгүй гэдэг нь ойлгомжтой.

-Ер нь энэ сонгуулиар иргэдийн гараасай гэж хүсч байгаа, арай шударга хүмүүс гарч чадах болов уу?

-Дахиад л мөнгөний байлдаан болох шинжтэй байна. Шинэ хууль үүнийг хааж чадахгүй шиг байна. Хар л даа, иргэд хүссэн хүнээ биш АН-ын хувьд гэхэд л эхний 50 саяа өгсөн хүний хүрээнд л хүмүүсээ харах нь байна шүү дээ. Гэтэл энэ бол эхний босго нь, дараа дараагийнх нь үүнээс өндөр байж таарна. Үүнийг нь давсан хүмүүс дахиад жинхэнэ мөнгөний өрсөлдөөндөө орно. Хамгийн эхний ийм мөнгөний шалгуурыг сонгогчдод тавилаа гэсэн үг шүү дээ, энэ чинь. Гэхдээ энэ мөнгө бол тэдний л хувьд шалгуур. Мөнгөний шалгуур олон түмний хүсэл хоёрын аль нь илүү хүчтэйг харах тэчъяадсан хүсэл бидний хэн хэнд нь байгаа. 2012 он бидний хувьд илүү гэрэлтэй харагдаж байгаа. Сонгууль үнэхээр шударга явдаг бол МАНАН дахин засаглах ямар ч бололцоо байхгүй.

-Байгаль орчны сайд Л.Гансүхийн нэр төрд  халдсан гэх хэрэг явсаар  байгаад шүүх дээр иржээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлын  тов гарсан байна лээ?

-Өнөөдөр эцэслэн шийдэгдэх эсэхийг мэдэхгүй. Бид Л.Гансүх сайд өөрөө шүүх хуралд байх ёстой гэж шаардаж байгаа. Шүүх хурал болохоор л Л.Гансүх сайд хуралтай, эсвэл өөр чухал ажилтай болчихдог. 

-Таныг энэ асуудлаар албадан баривчлахаар хэд хэдэн удаа завдаж байсан. Үүний дараа  өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн үү?

-Би өмнө нь иргэний хуулиар л эрх баригчидтай шүүхдэлцэж байсан,эрүүгийн талаар туршлагагүйгээсээ болоод хууль бус процессийг нь явуулчихсан байсан. Одоо шүүх асуудлыг шийднэ. Өмгөөлөгчтэй болоод удаагүй байна. 

-Хүний нэр төрд халдсан хэрэгт таны нөхрийн “Нэгдлээс задрал руу”  нийтлэлийг мөн хамааруулж, хэрэг үүсгэсэн байгаа.Тэгэхээр сая долларын байшингийн асуудал үнэхээр хөдлөшгүй нотлох баримттай юу?

-Миний нөхрийн нийтлэл ч тэр, миний ярьсан лекц ч тэр бүхэлдээ Монголын улстөр, нийгмийн шударга бусын тухай, Л.Гансүхийн яриад байгаагаас илүү том агуулгатай. Л.Гансүх дотроос нь  хоёр өгүүлбэр тасдаж авсан шүү дээ.  Л.Гансүхийн байшингийн үнийг бид нэг сая тэдэн зуун мянга, тэдэн зуун доллар тэдэн цент гэж тогтоох боломжгүй шүү дээ. Тэр Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа, Ухаа худагийн зам тавих зөвшөөрөлд гарын үсэг зурсныхаа дараа MCS-ийн Энх-Амгалангаас байшин худалдаж авсан нь үнэн. Тэр нь цалингаас нь хэд дахин давсан өндөр үнэтэй нь үнэн. Энэ бол нүдэнд харагдаж байгаа үнэн. Бусдыг нь шүүх цагдаа, тагнуул нь анхаарах хэрэгтэй. Бид бол үүргээ гүйцэтгэсэн.

-Сэтгүүлч бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхийн өмнө зогсох хэрэг гарлаа?

-Бид шүүхийн өмнө эл дол болтол зогсож байсан. Харин одоо бичсэн, хэлж ярьсан үнэн зүйлийнхээ төлөө эрх мэдэлтний өмнө хүчгүйдэж эрүүгийн хуулиар шийтгэгдэхээр яллагдаад байна. Гэвч арай ялтан болчихоогүй байна, өнөөдөр шүүх шийднэ.

-Шүүх хэргийг хэрхэн шийдэх бол. Шүүхийн  шийдвэр яаж гарахаас  дараагийн хийх алхамаа тодорхойлох уу?

-Би үнэхээр мэдэхгүй байна, би эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй гэдгээ л мэдэж байна.

-Иргэний хөдөлгөөнүүд УИХ-д  өрсөлдлөө гэхэд улс төрчид шиг их мөнгө сонгуулийн сурталчилгаанд цацаж, сая сая төгрөг амлаж чадахгүй л байх. Тэгэхээр сонгуульд  өрсөлдөх гол мөрийн хөтөлбөр тань юу байх  бол?

-Бид зөв бодлоготой, бидний анхнаасаа тавьсан зорилгыг хэрэгжүүлэх улстөрийн хүчинтэй хамтарч сонгуульд оролцоно. Мөрийн хөтөлбөрийн тухайд бидний байнга л ярьсаар ирсэн , ярьж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн санаанууд л бидний хамтарсан мөрийн хөтөлбөр болох байлгүй дээ, одоо яг таг хэлэх боломжгүй байна.

-Шударга сонгуулийн талаар хүн бүхэн ярьж байна. Гэвч шударга сонгууль явуулах наад захын шийдэлд хүрч чадахгүй л байна шүү дээ. Энэ янзаараа 2012 оны сонгууль өмнөхөөс ч  маргаантай болж магадгүй юм?

-Ер нь бол хүсч байгаа өөрчлөлтөө бид хувьсгалаар л хийнэ. Энэ бол гарцаагүй. Гагцхүү тэр хувьсгалаа 2012 онд тайван замаар, сонгуулийн замаар хийж чадах нь уу үгүй юу гэдэг л байна. Чадахгүй бол хувьсгал. Өөр юу ч биш, зөвхөн хувьсгал.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж