ХСҮТ-ийн эмч нарыг Австрид сургана

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

ХСҮТ-ийн эмч нарыг Австрид сургана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Зээлийн хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Австри улсаас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах юм. Зээлийг 18 жилийн хугацаатай авна, зээлийн жилийн хүү 0.4 хувь. Энэхүү зээлийг  Хавдар судлалын үндэсний төвд таван төрлийн өндөр зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Тоног төхөрөөмж худалдан авахад 10 сая ам.доллар зарцуулах бол уг техник дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зориулж мөн нэг сая ам.доллар зарцуулахаар болжээ. Эмч нарыг Австрид сургаж, мэргэшүүлэх юм байна. Харин үлдэж байгаа зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн З.Энхболд дээрх хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын Засгийн газрын хувьд гадаад орнуудаас авах хамгийн сүүлийн зээл болж байгаа  юу гэдгийг тодрууллаа. Сангийн сайдын тайлбарласнаар бол Австри улсаас авах энэхүү зээл одоогийн Засгийн газрын хувьд хамгийн сүүлийнх биш аж. Ер нь Засгийн газрын хувьд гадаад орнуудаас авах хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлыг УИХ-д оруулж ирэхгүйгээр Засгийн газрын төвшиндөө хэлэлцэн шийдвэрлэж байх зарчим барих бол арилжааны зээлийг УИХ-д оруулж хэлэлцүүлдэг болох өөрчлөлтөд шилжүүлэхээр ажиллаж буй  юм байна.

Зээлийн хэлэлцээрийг дэмжсэнээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал өндөрлөлөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж