
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомт нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй. 2008 оны орон нутгийн сонгуулиар дорноговьчууд Ардчилсан намд итгэл үзүүлснээр Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын орон нутгийг ардчилагчид удирдах болсон юм. Тэд 2010 онд “Замын-Үүд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г 2030 он хүртэл боловсруулж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамаар батлуулж чадсан байна. Уг төлөвлөгөөний дагуу Замын-Үүд суманд “Үйлдвэрлэлийн бүс”-ийг 30 га газарт байгуулахаар төлөвлөж, төлөвлөгөөгөө хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийн бүс” байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сард зарлажээ. Төсөл хүлээн авах эцсийн мөчид тодруулж хэлбэл, өнгөрсөн аравдугаар сарын 7-нд нэр бүхий зургаан хуулийн этгээд дээрх төсөлд саналаа ирүүлсэн байна. Харин төслийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногийн эцэст дүнгээ гаргаж, ялагчийг тодруулах болжээ.
Г.Дарь