
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх хэргийг давтан үйлдсэн хэрэгт буруутгаж, өмнө нь цаазын ял оноож байсан юм. Гэвч Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй, хяналтын шатны шүүхэд хандсанаар өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, улмаар хагас жил мөрдөн байцаалт, прокурорын шатанд хянагдаж байв. Тэрбээр өнгөрсөн жил цаазын ял сонссоныхоо дараа "Намайг хилсээр яллаж байна. Би охидыг хүчирхийлээгүй. Бас хөнөөгөөгүй. Цагдаа нар олны анхааралд өртсөн онц хэрцгий хэргийг хаахын тулд надад хүчээр хэрэг хүлээлгэж байна. Хэргийг дахин шалгуулж, цагаатгаж өгнө үү" гэж байсан юм. Одоо ч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр л байгаа. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн, Баянгол дүүрэгт 13-14 насны гурван охиныг орцондоо орох үед нь хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан гээд есөн хуудас хавтаст хэргийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ.
“Цагдаа нар надад итгэхгүй байх гэж бодоод хаалгаа тайлаагүй”
Н.Мөнх-Оргилын өгсөн зарим мэдүүлгээс иш татвал "Хэрэг гарсан өдөр буюу 2010 оны тавдугаар сарын 3-нд би гэртээ унтаж байсан. Их үдийн алдад сэрэхэд зурагтаар "Хүүхэд хөнөөгдсөн байна. Хэрэгтнийг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу" гэсэн зар явж байсан. Охины зургийг харахад манай ахын хамар хашааны С.Рэнцэндорж ахын дунд охин байх шиг байсан. Тэр өдөр би гэрээсээ огт гараагүй, орой 19.00 цагийн үед л гарч, дэлгүүрээс гурил авсан юм. Тухайн үед цагдаа нар айл бүрийг нэгжиж байсан. Харин хэрэг гарснаас 18 хоногийн дараа цагдаа нар манай хаалгыг тогшсон. Тэр үед би цагдаа нарт "Хэргийн өдөр ганцаараа байсан" гэж хэлбэл итгэхгүй, бас дахин, дахин дуудаж, ажилд төвөг учруулах байх гэж бодоод хаалгаа тайлж өгөөгүй. Энэ даруйдаа ах, дүү болох М, П нарт "Хэрэг гарсан өдөр надтай хамт байсан гэж хэлээрэй" гэж захисан байсан. Гэтэл ах маань цагдаа нарт надтай хамт байгаагүй гээд хэлчихсэн юм билээ. Мөн намайг нутгийн зарим иргэн цус болсон цэнхэр цүнхтэй зүйл барьчихсан зах руу явж байсан гэж хэлсэн байна. Би тэр өдөр гэрээсээ огт гараагүй. Тэгээд ч хэрэгтний цүнх "Adidas" гэсэн бичигтэй. Харин минийх "Nike" гэсэн бичигтэй. Манай дүү нар надад цэнхэр өнгийн цүнх байдаг болохоор бичгийг нь харалгүй "Цүнх нь мөн байна" гээд хэлчихсэн юм шиг байна. Манай гэрээс иштэй чихрийн иш гарч ирсэн гэдэг. Тэрийг мэдэхгүй байна” гэжээ. Харин нийслэлд гурван охиныг хүчирхийлсэн гэх хэрэгтээ "Хотод эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр Мөрөн хотоос ирээд дөрөвдүгээр сарын 20-ны үеэр буцсан. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэх өдрүүдэд хотод байсан нь үнэн. Тэр өдрүүдэд юу хийж байснаа нарийн санахгүй байна. Охидыг хүчирхийлсэн болгохын тулд намайг туранхай, жижигхэн биетэй банди нартай жишүүлж зогсооход хохирогчид намайг гэж заасан. Тэд буруу таньсан байж болно шүү дээ" гэх зэргээр мэдүүлжээ.