“Хязгааргүй” дэлхийд гарахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй” дэлхийд гарахад бэлэн

Монгол Улсад мэргэжлийн театр үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд “Монгол Туургатан” театр “Гэгээн муза-2010” наадмын Гранпри шагналт “Хязгааргүй” моно операгаа УДБЭТ-ын тайзнаа арваннэгдүгээр сарын 15-нд дахин нэг удаа тоглохоор бэлтгэж байна. “Монголын орчин үеийн театрын урлагийг дэлхийд гаргахын төлөө…” гэсэн уриатай энэ жүжгийн тасалбар урьд хожид сонсогдоогүй өндөр үнэтэй байгаа нь олон хүний ундууцлыг төрүүлж байгаа. Чухам яагаад ийм үнэтэй тоглож байгааг МУУГЗ, найруулагч Ч.Ганхуягаас тодруулсан юм.  

-Монголд 300 долларын үнэтэй тоглолт үзэх хүн хэд байгаа бол?

-“Хязгааргүй”–г амилуулахад бид гурван жил зарцуулсан. Дөрөв дэх жилдээ үзэгчдийн хүртээл болж байна. Манай театр жүжигт оролцсон уран бүтээлчдэд цалин урамшууллыг нь гурван жилийн турш өгч байсан. Жүжгийн тайз засал, хөгжмийн найруулга, бэлтгэл ажилд гэхэд бид аль хэдийнээ 30 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Би өөрөө ч гэсэн энд тэнд концерт шоу найруулж олсон хэдэн төгрөгөө энэ бүтээлдээ бүрэн зориулсан. Тиймээс энэ олон жилийн хөдөлмөрөө бид яагаад хямдхан үнэлэх ёстой гэж? Дээр нь “Хязгааргүй”–гээ БНХАУ, ОХУ, Европын орнуудаар тоглохын тулд мөнгө босгох хэрэгтэй байна. Ер нь жүжгийн орлогоо Монголын орчин үеийн театрын урлагийг дэлхийд таниулан сурталчлахад зориулна гэж бид анхнаасаа л ярьсаар ирсэн. “Хязгааргүй”-г томоохон тайзнаа тоглочихвол, бидний дараагийн уран бүтээл дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрч чадна гэж тооцож байгаа. 300 доллараар жүжиг үзэх бэлтэй хүн хэд байгаа вэ гэсэн асуултад шуудхан хариулбал, манайхан бараг бүгдээрээ үзчихээр болчихсон юм биш үү л гэж хэлэх байна даа. Залуусын цаг заваа өнгөрүүлдэг зарим нэг клуб зүгээр ширээнд суусны төлөө л 100-200 долларын такс авдаг юм билээ.  Харин бид зөвхөн моно операгаа үзүүлээд зогсохгүй, хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолттой нэг үдшийг халуун дулаан өнгөрүүлэх боломж олгож байгаа. Дээр нь тухайн зочин өөрийнхөө үзэж, таашаал авсан бүтээлээ дэлхийн тайзнаа тоглоход нь бодит хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Бид бас та заавал 300 доллар төлж үз гэж албадахгүй байгаа. 100 долларын тасалбартай суудал ч бий. Ер нь хүний сэтгэл л мэдэх хэрэг юм даа.

-“Хязгааргүй”-н анхны тоглолтыг үзсэн хүмүүс сэтгэл хангалуун байсан. Гадагшаа гарлаа гэхэд энэ хэмжээнд үнэлүүлж чадах болов уу? Юм үзэж, нүд тайлсан гадны үзэгчдэд хэр наалдах бол?

-Бид гадаадад хүлээн авалттай тоглолт хийхгүй ээ. Зөвхөн бүтээлээ л хүргэнэ. Гол нь гадаадад тоглохын тулд Монголдоо үнэтэй тоглож байгаа гэдгийг дахин хэлье. Үнэлэмжийн хувьд Монголдоо номер нэг мэргэжлийн шүүгчид нь “Хязгааргүй”-г үнэлчихсэн шүү дээ. Урлагт арын хаалга байхгүй. Надад ч гэсэн “Гэгээн муза”-ийн шүүгчдэд өргөл бариад явах бэл бэнчин байхгүй. Шүүгчид үзээд, бүх л шагналаа харамгүй өгсөн. Гранприг нь ч бид авсан. Бодвол “Болж байна” л гэж дүгнэсэн гэж ойлгоод байгаа. Жүжгийн утга агуулга, хөгжмийн хувьд хүмүүс ойлгож ядаад байх зүйлгүй. Бүхэлдээ л хүний сэтгэл, мэдрэмжид шууд нөлөөлсөн бүтээл. Зүрхээ чагнаж, мартаж орхисон сайхан зүйлээ сэргээх их хүсэл төрөх болов уу л гэж найдаж байгаа. Дэлхийн хаана ч тоглосон хэнбугайн ч сэтгэлийг хөндөж, догдлуулчих болов уу гэж бодоод байна. Шууд утгаараа, энэ бүтээл дэлхийд гарахад бэлэн. Гарцаа нээчихвэл, “Хязгааргүй”-гээ давсан бүтээл туурвиад, дэлхийтэй өрсөлдөөд эхэлдэг юм уу л гэж бодож байна даа.   

-Монголын орчин үеийн театрын урлагийг дэлхийд гаргахын төлөө авъяас билиг, зүрх сэтгэлээ зориулж байгаа таны ажилд амжилт хүсье!

-Баярлалаа. Монгол Улсад мэргэжлийн театр үүсч хөгжсний 80 жилийн ойн баярын мэндийг зүрх зорилго нэгтэй үе үеийн уран бүтээлчиддээ хүргэе!

А.Зул

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж