“Монголын шүүх хамгийн шударга нь гэж боддог”

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

“Монголын шүүх хамгийн шударга нь гэж боддог”

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилыг шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ.
Шүүх хуралд орохын өмнө Н.Мөнх-Оргил “Би шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт итгэлтэй байгаа. Би хэрэг хийгээгүй. Тийм болохоор би өнөөдрийг хүртэл хэрэг хүлээгээгүй. Би шүүхийн шийдвэр гарсны дараа та бүхэнтэй баяртайгаар уулзаж, бүх зүйлийн тухай ярина.
Миний хэрэгтэй холбоотой шүүх хурал болгонд хэвлэл мэдээллийнхэн ирж байгаад би баярлаж байна. Энэ нь хэргийг шударгаар шийдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Би Монголын шүүхийг дэлхийн хамгийн шударга шүүх гэж боддог” гэв.

Шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгч Н.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Г.Халзан, хохирогчийн талаас талийгаач охины аав, ээж, тэдний өмгөөлөгчид оролцох юм.

Н.Мөнх-Оргилд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж