ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны яамны урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд А.И.Денисов 2011 оны 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж,  Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг арга хэмжээнд оролцов.

ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзав.  Эдгээр уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх чиглэлийн талаар болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов. Монгол, Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай анхны хэлэлцээрийн 90 жилийн ойд зориулан Улаанбаатар хотноо болсон баярын хуралд Тэргүүн дэд сайд оролцон, Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг үзэж сонирхов.  

 Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн, харилцан итгэсэн шинж чанараа хадгалж,  улмаар стратегийн түншлэлийн  түвшинд дэвшин амжилттай хөгжиж байгааг хоёр талаас санал нэгтэй тэмдэглэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд  Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд А.И.Денисов нар гарын үсэг зурлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж