23137 тонн ургац хураан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

23137 тонн ургац хураан авлаа

Хөвсгөл аймаг энэ онд 62 аж ахуйн нэгж, иргэн үр тарианы үйлдвэрлэл эрхлэн 13706 га талбайд үр тариа тарьж 23137 тонн ургац буюу нэг га-гаас 17 центнр ургац хураан авлаа. Энэ нь аймгийн хэрэгцээт гурилыг 100 хувь хангах боломж бүрджээ. Тариаланчид 370 га-д төмс тарьж 2459 тонн, 135 га-д хүнсний ногоо тарьж 924 тонн ургац тус тус хураан авсан аж.

Мөн ногоон хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 2200 гаруй өрх айл төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж энэ онд 98 ажлын байр шинээр бий болжээ. 2011 онд 14700 га-д уриншийн боловсруулалт хийгдсэн бөгөөд үүний 850 га-д химийн уринш хийв. Газар тариалан эрхэлдэг компаниуд энэ жилийн хувьд техник шинэчлэлийн хувьд ихээхэн анхаарчээ. Тухайлбал «Хөвсгөл Алтандуулга» компани 4000 тонн үр тариа хадгалах босоо агуулах барьж мөн хоногт 100 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр ашиглалтад орно. Мөн “Батзол” компани хоногт 25 тонн гурил, “Улаан-Од”, “Этү” компани хоногт 50 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж