Орон нутгийн сэтгүүлчид Их хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид Их хурал хийнэ

“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо” ТББ  энэ сарын 17-18-нд Улаанбаатар хотноо гуравдугар “Их хурал”-аа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл  болон “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны хооронд үүссэн маргаан тус төрийн бус байгууллагын анхаарлын төвд байгаа аж. Сэтгүүлчдийн эрин үе өөрчлөгдөж, залуу, шинэ, эрч хүчтэй сэтгүүлчид хүч түрэн гарч, өмнө нь ажиллаж байсан ахмад үеийнхэн цагийн урсгалд халаагаа өгдөг нь болох ёстой зүйлийн нэг гэдэгтэй тэд санал нэгдэж байв. Товчхондоо түр хороог дэмжиж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

“Орон нутгийн хэвлэл мэдээл­лийн холбоо” ТББ нь 2004 онд бай­гуулагдсан талаар тус холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж хэвлэ­лийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт тулгараад байгаа асуудлын талаар цухас дурьдав. Мөн удахгүй болох их хурлынхаа товыг албан ёсоор зарласан. Тэд I их хурлаа 2004  онд Орхон аймгийн Эрдэнэт хотод, II их хурлаа 2006 онд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулж байжээ. Энэ удаагийн орон нутгийн сэтгүүлч нарын III их хурлаар олон зүйлийн талаар хэлэлцэх гэж байгаа гэсэн. Эхний ээлжинд сэтгүүлчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хөдөө орон нутагт эрх зүйн орчин хэрэгтэй байгаа талаар хэлэлцэх аж. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны асуудлыг гол сэдэвээ болгох бололтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод хөдөө, орон нутгийн зарим төлөөлөл III хурлынхаа бэлтгэл ажлыг хангаад завгүй байгаа аж. Урьдчилсан тооцоо­гоор 21 аймагт хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй байгууллага байгаа гэсэн судалгаа бий. Эдгээр байгууллагаас ойролцоогоор 120-130 гаруй төлөөлөгчид III их хуралд ирж оролцох юм байна. Их хурлаар дамжуулан хөдөө орон нутгийн хэвлэлийн эрх чөлөөний талаар байр сууриа илэрхийлэх, яаралтай шийдэх асуудлууд гэх мэт олон зүйлийн талаар авч хэлэлцэнэ гэсэн.

Ер нь орон нутагт хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байдгийг С.Шаравдорж онцолсон. Жишээ нь, орон нутгийн төрийн албаны ажилтны талаар асуудал хөндсөн, үнэн бодитой мэдээлэл цацах юм бол ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирч үлдэх, төрийн албан тушаалтнуудыг шүүмжилснийхээ төлөө хараат бус байдлаа зөрчүүлж байдаг аж. Тиймээс шаардлагатай гэж үзвэл орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах талаар хүртэл авч хэлэлцэж магад хэмээсэн юм. Улмаар тус холбооны бүрэлдэхүүнд өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлууд ч хөндөгдөж болзошгүй аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны Дархан-Уул аймгийн салбарын тэргүүн М.Гантулга болон Орхон аймгийн Эрдэнэт хотоос тус холбооны удирдах зөвлөлд багтсан И.Баасанжав, тус холбооны нарийн бичгийн дарга Г.Нарантуяа нар энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг шинэчлэх, зарим хууль, эрх зүйн орчинг сайжруулах тал дээр санал нэг байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг “Огт ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Хийсэн ажлыг нь ч үгүйсгээгүй. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн явуулж байгаа үйл ажиллагаанд орон нутгийн сэтгүүлчид сэтгэл хангалуун гэж хэлж чадахгүй” хэмээн онцолж байв. С.Шаравдорж “Мэргэжлийн сайн, том байгууллага үгүйлэгдэж байгаа нь үнэн” хэмээн орон нутгийн байр суурийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн. 

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотод байдаг бол тал нь орон нутагт байгаа. Тэр утгаараа мэдээллийн урсгал нь зөвхөн нийслэлд төвлөрөх биш хөдөө орон нутгаар давхар цаг үетэй­гээ хөл нийлүүлэн иргэдэд тэнцвэртэй мэдээлэл өгөх нь чухал гэдгийг ч тэд онцлов. Орон нутгийн мэдээллийн эх сурвалж, мэдээ мэдээллийн орон зай Улаанбаатар хотоос хамаагүй их болж байгаа гэсэн судалгаа гар­сан талаар Орон нутгийн хэвлэл мэдээл­лийн холбооны тэргүүн С.Шаравдорж мэдэгдсэн.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж