БРИКС хөрөнгийн биржүүдээ нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

БРИКС хөрөнгийн биржүүдээ нэгтгэлээ

Томоохон зах зээлтэй БРИКС-ийн орнууд дэлхийн санхүүгийн хямралаас улам хүчирхэгжин, олон улсын эдийн засгийг итгэлтэйгээр тэргүүлж байна. “Их хорь”-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс ЕСТС-д нэг тэрбум орчим еврогийн тусламж үзүүлэхгүй болохоо мэдэгдсэн. Тиймээс Европын Холбоо БРИКС-ийн дэмжлэгт ихээхэн найдаж байгаа юм.  Дэлхийн эдийн засгийн зүтгүүр болсон эдгээр орнууд санхүүгээ улам хүчирхэгжүүлэн, бататгахаар хөрөнгийн биржүүдээ нэгтгэлээ. Энэ тухай Дэлхийн Биржийн Холбооны /WFE/ 51 дэх удаагийн чуулганаар мэдэгдсэн юм.

Одоогоор Бразил – BM&F BOVESPA,  Оросын РТС болон ММВБ, Хонгконг – HKEХ, Өмнөд Африк- JSE зэрэг хөрөнгийн биржүүд нэгджээ. Тун удахгүй Энэтхэгийн бирж тус нэгдэлд багтахаар бэлтгэж байгаа аж. 2012 оны зургаадугаар сард нэгдсэн энэхүү хөрөнгийн бирж дээр анхны үнэт цаас арилжаалагдана. Гэхдээ зөвхөн БРИКС-ийн орнуудын хөрөнгийн бирж дээр нэг зэрэг гарах эрх бүхий үнэт цааснууд байх юм. Хөрөнгө оруулагчид хүчирхэг эдийн засагтай эдгээр орнуудын зах зээлд гарах боломж ийн бүрэн нээгдэж байна.

АНУ болон Европ нь дэлхийн санхүүгийн төв гэгддэг. Гэтэл эдгээр орнуудын санхүүгийн байдал олон улсын эдийн засагт шинэ хямралыг авчирахад хүрсэн. Дэлхийн эдийн засаг глобальчлагдсан энэ цаг үед БРИКС-ийн орнууд бие даасан, хараат бус эдийн засгийн тогтолцоог бий болгох зорилгоор хөрөнгийн биржүүдээ нэгтгэж буй бололтой.

Э.Од
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж