”Нэгдсэн Орос намыг үгүй хий”

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

”Нэгдсэн Орос намыг үгүй хий”

В.Путин өнгөрсөн баасан га­рагт Ард түмний эв нэгдлийн өд­рийг тэмдэглэж байх зуур түүнийг эсэргүүцсэн олон мянган хүн жаг­сав. Москва хотод болсон энэ­хүү жагсаалыг неонацистууд бо­лон үндэсний цөөнхийн эрхийг хам­гаа­лагчид зохион байгуулжээ. Тэд орос үндэстнүүдийг эх орноо буцааж ава­хыг шаардсан байна. Угтаа энэ нь сүүлийн үед Кавказын мусульман шашинтнуудтай холбоотой таагүй мэдээлэл олон гарч байгаатай хол­боотой байж болох юм. Москвад болсон жагсаалд 5000 орчим хүн оролцсоны дийлэнх нь залуучууд байжээ. Тэд эмнэлгийн маск, нүүр­ний баг зүүж Москвагийн захын хорооллуудаар алхсан байна. “Орос орон зөвхөн оросуудад зо­риулагдсан”, “Өнөөдөр нүүдлэн суурь­шигчид, маргааш эзлэгчид” гэх зэрэг бичиг барьсан хүмүүсийн тэмцэл анхны тохиолдол байсангүй. Жагсаалд оролцогчдын зарим нь нацистуудын нэгэн адил гараа өргөн мэндчилж байсан аж. Хууль сахиулагчид тэднийг зогсоохыг орол­дон гудамжуудыг хааж, хөл хорь­сон байна.

“Оросууд” нэртэй энэхүү хөдөл­гөөнд оролцогчдын нэг Дмитрий Демушкин “Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид, үндэсний социалистууд гэх мэтээр бүх орос хүмүүс жагсаалд оролцож байна. Бид манай үндэстэн юу хүсч байгааг харуулахыг зорьсон” гэжээ. Славикийн нэгдэл хэмээх нэртэй неонацист бүлэглэлийн тэр­гүүн байсан Д.Демушинко нь Хууль бус шилжилт, хөдөлгөөн хий­хийн эсрэг тэмцлийг зохион бай­гуулсан гэх хэргээр өнгөрсөн онд ял сонсож байсан билээ. Үзэн ядалт, дургүйцлээр “зэвсэглэсэн” иймэр­хүү бүлэглэлүүд Орост сүү­лийн 20 жилийн дотор олноороо гарч ирсэн юм. Гишүүд нь татар, башкир гэх мэт үндэсний цөөнхийн хүмүүсийг зодож гэмтээх, амь насыг нь хөнөөх оролдлого байнга хийдэг боловч энэ удаад хүний эрхийн байгууллагуудыг дэмжигчид ч тэд­ний эгнээнд нэгдсэн байна. Тэд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан төв Азийн зарим орон, Кавказаас Орос руу бөөн, бөөнөөрөө цагаачилж байгааг хурц шүүмжилдэг аж. В.Пу­тин 2000 онд ОХУ-ын Ерөн­хийлөгч болсноосоо хойш нэгдсэн Орос гүрнийг байгуулна хэмээн амласан. Мэдээж хэрэг, энэ нь неонацистуудад таалагддаг байсан юм. Гэхдээ тэрбээр Оросын са­лан тусгаарлагчидтай хатуу тэм­цэх болсон нь неонацистуудад таа­лагдаагүй. Одоо ОХУ-ын Ерөн­хий сайдаар ажиллаж байгаа В.Пу­тин хэдхэн сарын дараа дахин Ерөнхийлөгч болно. Тэгэхээр түү­ний бодлого цаашид үргэлжлэн хэрэгжинэ гэсэн үг. Тэмцэгчид юу хүсч байна вэ. Тэд хүчирхэг Оросын эзэнт гүрнийг аль нэгэн татар, Кавказын мусульман хүн­гүйгээр байгуулахыг хүсчээ. Энэ нь Оросоос салан тусгаарлахыг эр­мэлздэг хүмүүсийн зорилготой яв цав нийцэж байгаа юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кремлийн гадаа жагсаж байсан хөлбөмбөгийн олон мянган фанат, хэт даврагчид болон Оросын цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байв. Тухайн үед “Оросын эрх баригчид, хууль ёс, тогтолцоонд дургүйцсэн иргэдийн тэмцэл ийнхүү тэсэрлээ” хэмээн олон улсын хэв­лэлүүд мэдээлж байв. Кремлийн удирдагчид тэдгээр бүлэглэлийн эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж байгаа боловч тэд улам хүчирхэг болж, олон хүний дэмжлэгийг ав­саар байна. Өөрсдийгөө нацист гэж тодорхойлдоггүй боловч Кавказ, Чеченийн салан тусгаарлагчдыг дэмждэг хүн Орост олон бий. Энэ нь Оросын хязгаар нутгийн тогт­вортой байдлыг хангахын тулд маш их хөрөнгө зарцуулж, хэдэн жил үргэлжилсэн мөргөлдөөн, дай­ныг өдөөдөгтэй холбоотой. Гэ­тэл Чеченийн удирдагч Рамзан Кадыров эд хөрөнгөөрөө гайхуулж явахад ард иргэд нь ядуу, гуйлгачин хэвээрээ байгаа. Түүний аавыг Че­ченийн бүлэглэлүүд хөнөөсний дараа Р.Кадыров тэднээс хон­зонгоо авахын тулд Оросын эрх  баригчидтай түншилж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Москвад болсон жагсаалын үеэр “Кавказыг хооллохоо боль” гэх бичиг ч харагджээ. Авлигын эсрэг тэмцлээрээ алдартай хуульч Александр Навални энэ үгийг анх хэлж байсан юм. Тэрбээр В.Путины Нэгдсэн Орос намыг “Луйварчин, дээрэмчдийн нам” хэмээн нэрлэж байв. Харин өнгөрсөн баасан гарагт болсон жагсаалын үеэр “Энэ бол бидний эх орон. Тиймээс бид цусыг минь сорж, элгийг минь идэж байгаа луйварчдыг уг үндсээр нь үгүй хийх ёстой” хэмээн хашгирч “Нэгдсэн Орос намыг буулга. Луйварчин, дээрэмчдийн намыг буулга” гэж уриалж байжээ. Харин В.Путин, Дмитрий Медведев хоёрын Кавказ дахь бодлогыг эсэргүүцэгчдийн хувьд А.Навалнийн үг гол уриа нь болсон юм.

Неонацистуудын “Оросуудын гуравдугаар сар” хөдөлгөөн 2005 онд анх байгуулагдсан. Тухайн үед большивекуудын Октъябрын баярыг арваннэгдүгээр сарын 7-нд тэмдэглэхээ больж, харин оронд нь арваннэгдүгээр сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Тэр үед гараа өргөн нацистуудын ёсоор мэндчилж, үсээ хусуулсан олон мянган хүний жагсаал Москвагийн төвд болж байв. Гэхдээ дараахан нь Оросын эрх баригчид ийнхүү жагсахыг хориглосон учир өдийг  хүртэл тэд ямар ч эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж чадаагүй аж. Харин 2007 оноос эхлэн “Оросууд”-ын марш Москвагийн захын дүүргүүдэд үргэлжлэх боломжтой болсон юм. Өнгөрсөн баасан гаригт болсон жагсаалд оролцохоор тус улсын бусад хотоос олон зуун хүн иржээ. Түүнчлэн саяхны нэгэн судалгаагаар неонацистуудын хөдөлгөөн Оросын өнцөг булан бүрт идэвхжиж байгааг харуулсан байна. Тэдний тэмцэл Оросын хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаалах арга болжээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн онд өсвөр насны хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэсэн хэдэн зуун хүн оролцогчтой жагсаал болж, тэднийг зогсоохын тулд цагдаа нар нэлээд хүчин чармайлт гаргасан тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлж байв.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж