Майкл Жексоны эмч дөрвөн жилийн ял сонсов

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны эмч дөрвөн жилийн ял сонсов

Майкл  Жексоны эмч Конрад Муррейг Лос Анжелесын шүүх дуучны үхэлд буруутай гэж үзлээ. Попын хаан Майкл Жексон 2009 онд асар хүчтэй нойрсуулах эм “propofol”-ыг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан. Дуучны сүүлийн мөчид дэргэд нь байсан эмч Конрад Муррейг хүчтэй нойрсуулах эмэнд дасал болсон дуучны үхэлд буруутай гэж үзэж, дөрвөн жил хорих ял оноож, эмчлэх эрхийг нь хассан байна. Конрад Муррейг буруутайг нь шүүх тогтоож, ялыг нь уншиж өгөхөд шүүхийн гадна цугларсан нэрт дуучны шүтэн бишрэгчид баяр хөөр болсон байна. Харин шүүх хурлын танхимд сууж байсан Жексоны гэр бүлийнхэн чимээгүй уйлж байжээ. Майкл Жексоны эгч ЛаТойа Жексон “Шүүх хурлын шийдвэрт сэтгэл хангалуун байна. Майкл биднийг харж байгаа”  гэжээ. Эмч Конрад Муррей шүүх хурлын шийдвэрийг чимээгүй сонсч суусан гэнэ. Шүүгч ялын тогтоолыг уншиж дууссаны дараа цагдаа нар эмчийг гавлан авч гарчээ.

Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурал 49 гэрчийг дуудаж, 300 гаруй нотлох баримтыг гаргаж ирсэн байна. Хэдийгээр эмч Конрад Муррейн өмгөөлөгчид дуучин нойрсуулах эмийг өөрөө тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн гэдгийг батлахыг оролдсон боловч шүүх эмчийг хүчтэй нойрсуулах эмийг хяналтгүйгээр, эмнэлгээс гадуур өвчтөнд өгсөн гэж буруутгасан байна.


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж