Төсөв дэх улс төрийн цоорхой

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Төсөв дэх улс төрийн цоорхой

Өөрийн бүтцэд Палестиныг хү­лээн авсныхаа төлөө ЮНЕСКО их  мөнгөөр хохирч байна. Тус байгуул­лагын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг  татвар хандиваа өгөхгүйгээр АНУ-ын хууль тогтоогчид шийдлээ. Дараа нь тэдний араас энэ сард шилжүүлэх 10 сая доллараа Канад өгөхгүйгээр шийдэв. Израилийн ерөнхий сайд Бинья­мин Нетаньягугийн шийд­вэрээр Израиль улс энэ оны хан­диваас үлдсэн есөн сая доллараа тус байгууллагад шилжүүлэхгүйгээр бол­жээ.

Боловсрол, шинжлэх ухаан, соё­лын асуудлаар НҮБ-д (ЮНЕСКО) өгөх санхүүжилтээ АНУ зогсоохоор зарлав. ЮНЕСКО Парис хотноо болсон өөрийн Ерөнхий ассамблейн хуралдаан дээр Палестины төлөө­лөгчдөд бүрэн эрхт гишүүн статус өгөхөөр санал өгсний дараа хэ­дэн цаг өнгөрөөд АНУ өөрийн ийм шийдвэрээ гаргасан байна. Палес­тиныг хүлээн зөвшөөрөхийн төлөө үндэсний 107 төлөөлөгч санал өгч, эсрэг товчлуурыг 14 төлөөлөгч  даржээ. Нийт 52 орон түдгэлзсэн юм.

АНУ-ын хориг нэн даруй хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ сард ЮНЕСКО тэднээс орж ирэх байсан 60 сая ам.доллараа алдаж байна. Америкчуудын санхүүжилт нь ЮНЕСКО-гийн төсвийн 22 хувь бол­дог. АНУ үндэснийхээ хүчин тө­гөл­дөр хуулийн дагуу ий шийдвэр гаргасан гэж байгаа юм. Өнгөрсөн зууны ерээд оноос хуулиндаа тэд Па­лестины тусгаар тогтнолыг зөв­шөө­рөх НҮБ-ын салбаруудад санхүү­жилт хийхийг хориглосон төсвийн хязгаарлалтыг оруулж өгчээ.

ЮНЕСКО-гийн санал хураалтыг “яаран хийсэн, Ойрхи Дорнодод бүрэн хэмжээний, урт хугацааны шударга энх тайван тогтоох бидний ерөнхий төсөөллийг сүйтгэсэн, яаруу, харамсалтай хэрэг” хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд нэрлэсэн байв. ЮНЕСКО дахь Израилийн байнгын төлөөлөгч Нимрод Баркан үүнээс ч хатуу үг сонсгов. “ЮНЕСКО бол шинжлэх ухаантай тулж ажиллах ёстой болохоос шинжлэх ухааны уран зөгнөлтэй (тэр нь “байхгүй улсыг” бүтэцдээ авлаа гэсэн үг болж байна) үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж  тэрээр хэлсэн байна.

Израилийн ГХЯ өөрсдийн ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн сан­хүү­гийн үүргээ эргэн харна гэсэн байна. The Jerusalem Post сонинд өгүүлс­нээр ГХЯ-ны сайд Авигдор Либерман Палестины автономитай бүх талын харилцаа холбоогоо таслах  саналыг кнессетэд  (парламентдаа) оруулсан байна. Палестинчуудын нэг талын алхмыг Тель-Авив үргэлжлэн хүлээн авч байж чадахгүй гэж тэр хэлсэн байв. Израилийн ерөнхий сайд санхүүжилтийг ЮНЕСКО-д өгөхгүй байх шийдвэрээ өнгөрсөн баасан гаригт гаргасан юм.

Америк өмнө нь бас ЮНЕСКО-гоос “гар”-аа татаж байсан. Энэ бай­гууллагыг “коммунист дэглэмүүдийн гар хөл боллоо” гэж ерөнхийлөгч Ро­нальд Рейганы засаг барьж бай­сан 1984 онд эсэргүүцэн АНУ гишүү­нээс гарч байсан. Бага Жорж Буш ерөн­хийлөгч болсон үеэр 2003 онд АНУ дахин ЮНЕСКО-гийн гишүүн болсон юм.

The Los Angeles Times сонинд бичсэнээр цаашид иймэрхүү хориг арга хэмжээг олон улсын бусад инс­ти­туцийн эсрэг  аваад байвал Аме­рикийн сонирхолд хортой гэдгийг дипломатууд хэлж байна. Тухайлбал, тэд НҮБ-ын салбар Оюуны өм­чийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон ул­сын Иргэний агаарын тээврийн бай­гууллага, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг зэргийг тэд нэрлэсэн байлаа. “ЮНЕСКО-гийн энэ шийдвэр НҮБ-ын бусад байгууллагад давтагдвал ихээхэн хор хөнөөлтэй байхыг бид харж байна” хэмээн Нуланд мэдэгджээ.

Израилийн хүчтэй лобби нь Барак Обамагийн засаг захиргаанд хязгаарлалтыг цуцлах хуулийн төс­лийг Конгрессаар оруулах боломж олгохгүй бололтой. Тиймээс одоо Америкийн дипломатын болон лоб­бийн бүлгийнхэн НҮБ-ын бусад бай­гууллагуудаас ЮНЕСКО-гийнх шиг шийдвэр гаргуулахгүйн эсрэг идэвхтэй ажиллаж байна.  НҮБ-ын Оюуны өмчийн байгууллага гэхэд л Палестиныг хүлээн зөвшөөрөх нь “Энэ байгууллагад АНУ-ын лидерлэх үүрэгт нь хүчтэй сөрөг нөлөөтэй” гэсэн Төрийн департаментын сануулгыг аваад байгаа гэнэ.

Палестины үндэсний автономи НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох өргөдлөө есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий ассамблейд өгсөн. Тэр цагаас хойш тэдний өргөдлийг Аюулгүйн зөвлөлийн Хүлээн зөв­шөөрөх хороонд авч хэлэлцэж бай­гаа. Шийдвэр энэ сард гарсан байх учиртай. Палестиныг хүлээн зөвшөөрөх явдлыг гаргахгүйн тулд АНУ хориг тавих эрхээ эдлэнэ гэж мэдэгдсэн. ЮНЕСКО  дахь санал ху­раалт нь энэ асуудлаар санал нэгдээгүйг харууллаа. Франц, Авст­ри палестиныг дэмжсэн бол Герман, Нидерланд эсрэг байлаа. Их Британи, Итали хоёр санал өгөхөөс татгалзав.

Палестинчуудад ийм төгсгөл хэрэгтэй л байгаа байх. Тэд ЮНЕСКО-гийн санал хураалтыг бэлгэдлийн чанартай  чухал ялалт гэж тооцлоо. “Энэ санал хураалт бол энх тайвныг дэмжсэн хэрэг. Энэ санал хураалт нь манай ард түмний тусгаар улстай болох хууль ёсны шаардлагаар олон улсын хамтын нийгэмлэг санал нэгтэй байгааг харууллаа” гэсэн Палестины автономийн тэргүүн Махмуд Аббасын үгийг Wafa агентлаг дамжуулжээ. ЮНЕСКО-гийн төсөвт гарч байгаа алдагдлыг палестинчууд өөрийн араб түншүүдээрээ нөхүүлэхээр гуйх бололтой.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж