
Улс төрийн зорилготой ч биш, гэнэтийн ч биш айлчлал
Энэ үгийг өчигдөр Гандантэгчинлэн хийдийн хурлын танхимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байсан юм. “Далай багшийн айлчлалыг ямар нэгэн улс төрийн үзэлтэй холбож ойлгож огт болохгүй. Саяхан заларсан IX Богдтой ч огт хамааралгүй. Яахав ирсэн хойно нь дээрхийн гэгээнтэнд эргэл, мөргөл хийх байх. Гэнэтхэн шийдээд хүрээд ирсэн ч юм биш. Монголын бурхны шашны олон лам хуврагууд, сүсэгтэн олны чин хүсэл эрмэлзлэлийн үндсэн дээр л ирж байгаа” гэж Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц ярьж байсан юм. Гандантэгчинлэн хийдийн мэдээлж буйгаар Далай ламын энэхүү айлчлал нь гэнэт шийдэгдсэн зүйл биш бөгөөд Гандантэгчинлэн хийдийн зүгээс олон сарын өмнөөс ярьж байж урьсан ажээ. Харин энэ удаад сүсэгтэн олонд гурван өдөрт хоёр цагийн хугацаанд ном айлдаж, авшиг хүртээх юм байна.
Монголчуудын сэтгэхүй өөр болсон учраас өөр ном айлдана
Анх 1979 онд Монгол Улсад айлчилж байснаас нь хойш монголчуудын, тэр тусмаа 1991 онд лекц талбиж байснаас хойш сэтгэлгээ нь эрс өөрчлөгдсөн учраас өөр ном айлдах ажээ. “Өмнөх удаад айлчилж байснаас монголчуудын сэтгэлгээ өөр болсон. Тийм учраас хоосон чанар болоод илүү философийн шинж чанартай лекц айлтгана” гэж Гандантэгчинлэн хийдийн дэд хамба, гэвш Н.Нанзаддорж ярьж байсан юм. Далай ламтан яг одоо Бөхийн өргөөнд “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекцийг их, дээд сургуулийн оюутан залууст тавьж байна. Харин 13:00 цагаас Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” лекц айлдах ажээ. Их, дээд сургуулийн оюутнуудад айлдах лекц маргааш “Соёлын төв өргөө”-нд үргэлжлэх бөгөөд сүсэгтэн олонд маргаашаас пүрэв гариг хүртэл ном айлдах юм байна. “Бөхийн өргөө” болон “Соёлын төв өргөө”-нд оюутнуудад зориулан айлтгах лекцийг “Монголын оюутны холбоо”-той хамтран томоохон сургуулиудаар тараах агаад бүх оюутнуудад хэвлэлтээс гарсан тоо ширхгийн дагуу тараах ажээ.
Үнэгүй, гэхдээ урилгатай
Далай багшийн айлтгах ном, талбих лекц бүрийг үнэ төлбөргүйгээр, гэхдээ урилгын дагуу зохион байгуулсан нь шахцалдаан, бужигналдаан үүсгэхээс хамгаалсан нэг арга нь. “Далай багштаны бүх лекц, айлтгал нь үнэ төлбөргүй болно. Гэхдээ шахцалдаан, замбараагүй байдал үүсгэхээс хамгаалж тусгай урилгыг тарааж байгаа” гэж Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албаны дарга н.Даваапүрэв ярьж байсан юм. Үнэгүйгээр тарааж байгаа урилгыг өчигдөр үдээс хойш 16:00 цагт тараасан юм. Өмнөх айлчлалуудаар ард иргэд ихээрээ ирж шахцалдаан, бөөгнөрөл үүсгэж байсныг харгалзан үзэж энэ удаад сүсэгтэн олонд ч урилга тарааж байгаа ажээ.
Урилга олчих юмсан…
Энэ удаагийн айлчлал сэтгүүлчдэд хаалттай болж байгаагаас ч тэр үү, Гандантэгчинлэн хийдийнхнээс урилга асуусан хүмүүс их. Сэтгүүлчид нь сүүлдээ сүсэгтэн хүнийхээ хувиар урилга авахсан ч гэж гуйж үзэх шиг. Тарааж эхлэхээс өмнө шүү дээ. Далай багштаны ирэх сургыг сонссон хүмүүс Гандангийн үүдэнд чамгүй. Учир нь аль өглөөнөөс энэ тухай мэдээллийг хэвлэл, мэдээллээс сонсчээ. Ихэн нь эрхи барьж, маань унших настанууд. Энгийн хувцастай хамгаалагч болтой залуу энэ тухай юу ч мэдэхгүй байх агаад хүмүүсийг түр хүлээхийг захиж байлаа. Гэсэн ч гадаа хүмүүс хүлээсэн хэвээрээ л байлаа. 16:00 цаг хүртэл хоёр цаг гаруй хүлээсний эцэст тэд хүссэн урилгаа авсан. Цаана нь хэчнээн настан урилгаа хүлээгээд сууж байгааг мэдэхгүй.