Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Их тэнгэрийн их ой

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д төрийн айлчлал хийж байхад зургийн аппараттай нэг завгүй нөхөр гүйгээд байсан нь Сумьяа ах. Эгээ л зочид буудалд буусан хүмүүсийн өрөө болгоныг шагайж харах шахуу гүйн туршлага судлах. Учир нь сэтгүүлч мэргэжилтэй болохоор нь ах гэж өөриймсөөд байгаа болохоос тэр бол төрийн ёслолын Их тэнгэр цогцолборын дарга, хурандаа цолтой хүн.

Аль ч улсад өндөр дээд зочдыг Төрийн ёслол хүндэтгэлийн буудал хийгээд цогцолборууддаа хүлээж авдаг жаягтай болохоор очсон газар болгон мань хүний туршлага судлах обьект болчихож байгаа нь тэр. Хэтрүүлж хэлэхэд нэг дүүрэг дайны гоёмсог цогцолборыг “Манайхаар бол Их тэнгэр шүү дээ, энэ чинь” гэж өөрийнхөөрөө дүгнэнэ”. Зарим нэгийг нь манайхтай төстэй зохион байгуулалттай юм байна ч гэх шиг, амралтын өрөөнд ороод шүүгээг нь татаж үзэж ч байх шиг… Албан уулзалтууд дундуур сурвалжлагч нар шурхийгээд хүйтэн ундаа залгилаад өнгөрөх боломж бүрдүүлснийг ч манай сэтгүүлчид наргиа болгон “Хэрэгжүүлэх ёстой туршлага чинь энэ биш үү” гэж цаашлуулна. Хэзээнээсээ сэтгүүлчидтэй өөриймсөх дуртай хурандаа энэ удаад хэвлэлийнхэнд чухал лүндэн буулгаж магадгүй байгаа сурагтай. Яагаад гэвэл Их Тэнгэр цогцолборынх нь 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хэвлэлийнхэн ч ажил хэргийнхээ дагуу ойр ойрхон ороод гардаг, гадаад дотоодын зочид гийчдийн нүүр тахлах ганц газрын хувьд ойд нь бас бэлэг барих ёстой юм шиг байгаа юм. Хэзээний сүйхээтэй менежерийн зангаар “Манай ой болж байгаа, хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ…” энэ тэр гээд хэсэг бусаг ажил яриад амжлаа.  Харин мань эр өөрөө бол 60 жилийн ойдоо сүрхий номоор бэлэг барьж байгаа аж. Их тэнгэр цогцолборын дарга, хурандаа, сэтгүүлч Г.Сумьяа “Тэнгэрлэг оршихуй дор 60 жил”  ном гаргажээ. Үе үеийн нам /хуучнаар бол/ төрийн удирдлагууд, нийгмийн зүтгэлтнүүд, мөн л үе үеийн гадаадын өндөр дээд зочид энд тухалж, хурал зөвлөлгөөн, хүндэтгэлийн ёслол гээд л бас түүхэнд тэмдэглэх томоохон арга хэмжээ энд болж байсан болохоор мэдээж хэрэг энэ ном тэр чигээрээ түүх. Сумьяа ах өөрөө бол 30 гаруй жилийн өмнө анх хотод ирээд Зайсан толгой дээр гарахуйяа “Зүүн талынх нь амыг Их тэнгэр гэдэг, том дарга нар байдаг” гэж “танилцаж” байж. Харин одоо өөрөө тэр том дарга нарын арын ажлыг амжуулж, түүхийг нь бичиж сууна гэдэг бас их сонирхолтой хувь тавилан гэмээр. 

Хүний хэлээр хүүрнэдэг сэн бол Их тэнгэрийн энэ модод мөн ч олныг ярих байсан даа гэх бодол энд ирэх бүрийд зурсхийдэг. Түүн лугаа адил энэ ном олныг өгүүлэх аж. Зөвхөн он цагийн хэлхээсийг гарчиглахад шинэхэн Монгол Улсын нэгэн жарны амьдрал тэр чигээрээ зураглагдах шиг. Магадгүй цаашид ч зураглагдсан хэвээр л байна биз. Нэгэн жарны түүхийг ийн номонд бас амьдралд бичиж буй Их тэнгэр хэмээх их айл үеийн үед их Богд ууландаа дүнхийж, “Их тэнгэр”-ийн албатуудын үйлс, заяа тэгш байг ээ.

А.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж