Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

“Квот мандтугай”

МАН-ын эмэгтэйчүүд хуралдах гэнэ. Сонгуулийн хууль батлагдах төлөвтэй болонгуут сонгуулийнхаа бэлтгэл ажилд орж байгаа нь энэ. Нэр дэвшигчдээ шигших юм байх. Сонгуулийн хуулинд пропорционалийн элемент орлоо гэнгүүт л “манай квот ч гэсэн орох юм байна” гэж бодохгүй юу, хөөрхийс. Харин пропорциональ суудлын тоо хэд гэдгийг бараг л бодож үзээ ч үгүй болов уу даа. Тэгвэл сануулья, 28 шүү дээ. Тэгээд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Эмэгтэйчүүдийн квотыг оруулалгүй яах вэ, тэгэх гэж л пропорицонал суудал гаргасан юм чинь. Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаснаар 15 хувиас огт бууруулахгүй” гэж андгайлжээ.

Үгүй ер өө, ямар их тоо вэ. Тэгвэл 28 суудлын 15 хувь нь хэд гээч. 4,2. Нам тус бүр дөрвөөс доошгүй эмэгтэй нэр дэвшигчийг жагсаалтдаа оруулах юм байна. Дөрвүүлээ сонгогдоод гараад ирлээ гэхэд парламентын 5,2 хувийг бүрдүүлнэ. Харин одоо байгаа гурав нь 3,9 хувийг эзэлдэг. Мөн их дэвшил ээ. Гэхдээ намууд эмэгтэйчүүдээ жагсаалтынхаа оройд л залахгүй юм бол гарч ирэх магадлал ч бараг байхгүй дээ. Алдсан саналынхаа тоогор араасаа сугараад үлдчих юм чинь. Уг нь анх энэ 15 хувийг 76 мандат дээр тооцож гаргасан юм шүү дээ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж