Д.Энхбат: АН, МАН тохирсон бол бид өөрчилж чадахгүй л дээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: АН, МАН тохирсон бол бид өөрчилж чадахгүй л дээ

УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын бүлгийн хурал­даа­наар АН-ын санал болгосон 28 нь жагсаалтаар, 48 нь тойргоор сонгох хувилбарыг хүлээж авах шиг бол­лоо. Ингэхээр энэ зөвшилцлийн талаар тухайн намын гишүүдээс илүү хөндлөнгийн улс төрчийн байр суурийг сонсох нь зүйтэй болов уу?

-48:28 гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна. 28 нь жагсаалтаар, 48 нь тойргоор сонгох хувилбарыг МАН хүлээж авсан сураг байна. 14 мандат хотод, 34 мандат нь хөдөөд. Ингэхээр зургаан аймаг нэг мандаттай, арван дөрвөн аймаг хоёр мандаттай. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд гурав гурван мандаттай, бусад дүүргүүд хоёр мандаттай байх. Ер нь бол олон мандаттай тойрог буюу 2008 оны загвараар сонгуульд орох нь.

Одоогоор тохиролцож чадаагүй зүйл нь жагсаалтаар орох 28 нь яаж хуваарилагдах вэ гэдэг байна. 48 тойрогт ороод сонгогдож чадаагүй хүн өнөөх 28-ийн жагсаалтад орно гэж яриад байгаа шүү дээ. Ингэхээр энэ хүмүүс тойргоос авсан саналаар жагсах, намаас сонгуулийн өмнө гаргасан дарааллаар жагсах юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

-Тодорхойгүй гээд байгаа зүйлээ дахиад тодруулаач?

-Хэрэв намаас гаргасан дараал­лаар гэвэл, намын удирдах зөвлөл хуралдаж эхний аравт энэ хүмүүсийн нэр байна гэж заах жишээний. Тухайлбал, нийт сонгогчдын 30 хувийн санал авсан нам 10 орчим хүнийг оруулах эрхтэй гэсэн үг. Харин энэ арван хүнийг нам өмнө гаргасан жагсаалтаар бичих юм уу, хэдий тойргоос унасан ч  хамгийн өндөр санал авсан хүмүүсээ оруулах юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Жишээлбэл, нэг хүн Завханд очиж өрсөлдөөд маш өндөр саналтай ч арай ялж чадаагүй байж болно. Хэрэв намаас гаргасан жагсаалтаар орно гэвэл тэр хүн орж чадахгүй. Эсрэгээрээ өндөр саналтайгаар нь жагсаавал тэр хүн сонгогдох боломжтой болж буй хэрэг.

-Хүн амын тоон харьцааг үндэс­­лэл болгох нь зүйтэй гэж үзвэл хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хуу­лийн төслийн хэлэлцүүлгийн үед яригдаж байсан 12 мандат нь 14 болж нэмэгдэхээр болж байгаа юм байна. Нийслэлийн мандатыг нэмэх хэрэг­тэй гэж үздэг хэсгийнхэн үүнийг хангалт­тай хэмжээнд хүрч чадсангүй л гэх байх даа?

-Нийслэлээс 14 мандат гэдэг нь үнэхээр чамлалттай. Орон нутагтай харьцах харьцаа нь 2,5:1 байна. Монголын хүн амын 40 гаруй хувь нь хотод байдаг гэж үзвэл харьцангуй бага л тоо. Ингэхээр уг нь нийт сонгогчдын 30-40 хувь нь нийслэлээс төлөөлөлтэй байх ёстой. 48 мандатын 1/3 гэдэг нь ядаж хамгийн багадаа 16 мандат байх ёстой. Ингэснээрээ хүн амын төлөөллийн асуудлыг хангалттай шийдэж чадахгүй л байна гэсэн үг.

-Шийдвэр гаргадаг намуудын бүлэг ингэж шийдсэн юм чинь нийс­­лэлийнхний мандатын тоо цаа­шид нэмэгдэхгүй нь гэж ойлгоход буруу­дахгүй нь ээ?

-МАН, АН ингээд тохирч байгаа юм бол З.Алтай, С.Оюун бид гурав өөрчилж чадахгүй л дээ. Хотын гишүүдийн тоо хэтэрхий цөөн байгаа нь ирэх сонгуульд тодорхой болж байх шиг байна.

-Намуудын зөвшилцлийн үеэр УИХ болоод орон нутгийн сонгуу­лийг нэг өдөр хийх эсэх тухай асуудал яригдаж байгаа. Үүнийг яах гээд байгаа юм бол?

-Миний  харж байгаагаар УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах  боломжгүй л гэж шийдэж байх шиг байна. Ер нь зэрэг явуулах ч боломж байхгүй байх.

-Хуулиар бол нэг өдөр зэрэг явуулах тухай заасан байгаа?

-Үнэхээр хуулиар нэг өдөр сонгууль явуулна гэж заасан байгаа. Үнэнийг хэлэхэд цоо шинэ хууль, цоо шинэ техник гээд л хэцүү л дээ. Тэгээд ч орон нутгийн сонгуульд хэдэн мянган хүн оролцдог шүү дээ. Энэ бүх сонгуулийн тойргууд нэг байх хэрэгтэй болно. Товчоор хэлэхэд үүнийг зохион байгуулах чадвар байхгүй л байна.

-Одоо яригдах ёстой зүйл?

-Эхлээд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг шийдэх ёстой. Манай намаас ядаж 30 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэх санал оруулаад байгаа. Хоёр нам бол 20 хувь гэх хувилбар руу явах санаатай байх шиг байна.

-Намын босгоны талаар?

-Дэлхийд хамгийн өндөр босго тавьдаг орнуудын тоонд ОХУ багтдаг ба нийт сонгогчдын 7 хувийн саналыг авсан байх босгыг намуудад тавьдаг байсан. Одоо бол үүнийгээ багасгаад 5 хувьд хүргэсэн. Харин манай хэлэлцүүлэгт байгаа хуулийн төсөлд бол 7 хувийн босготой байгаа. Ардчилал тийм ч хангалттай биш хөгжсөн улс 5 хувьтай байхад бид бууруулах л ёстой. Ингэхээр бидэнд дэлхийн ардчилал хөгжсөн улсууд шиг 3-4 хувьд буулгах уу гэдэгт хариулах шаардлагатай боллоо. Энэ талаар хэлэлцээд 4 хүртэл буулгах байх л гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдийн квотыг тогтоох шаардлага байгаа юм уу?

-Байгаа. Өнөөдөр эдийн засгийн хүчин зүйлс сонгуулийн хамгийн том фактур болоод байна. Эрдэмтэй, боловсролтой, шударга байлаа ч УИХ-д дэвших хүчин зүйлсийн хажууд юу ч биш. Нэр дэвших хүмүүс их мөнгөтэй, нэр хүндтэй байна. Нөгөөтэйгүүр, Монголын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Боловсрол, хүүхдийн хүмүүжил, соёл урлагийн асуудлыг хэлэлцэхэд эрчүүд эмэгтэйчүүдээс олон талаар дутмаг гэдэг нь тодорхой.

-З.Алтай нарын гишүүд энэ асуудалд “чадал байвал гараад ир л дээ”, яагаад заавал квот энэ тэр гэж хэлдэг. Нэг талаас ийм байр суурийг ч буруутгаж боломгүй санагдах юм?

-Тэгвэл Өмнөд Африкт цагаан арьснууд “хар арьстнууд та нарт чадал байвал сонгогдоод гараад ир” гэж хэлж болох л байсан. Гэвч тэгээгүй. Яах вэ, сонгуульд мөнгөний фактур бага байсан бол “чадал байвал гараад ир” гэж хэлж болно.

-Квот гэж хуульчлахгүй, намуу­дын тохиролцоогоор нэг тойрогт ижил эмэгтэйчүүд нэр дэвшүүлэх арга юу нь болохгүй гэж?

-Өнөөдрийг хүртэл ингэж л явсан шүү дээ. Үр дүн нь ямар байна. 76 гишүүний 3 хан нь эмэгтэй байна гэдэг бол арай л дэндүү байгаа биз дээ. Нөгөөтэйгүүр бид юмыг буруу өнцгөөс хараад байна. 76 хүнийг сонгоно гэдэг нь Монголын хүн амын төлөөллийг сонгох тухай юм.

-“Казак эмэгтэйчүүдийг сонго­чих­вол нэг сумаар хоёр туулай буудна. Эмэгтэйчүүдийнхээ ч төлөөллийг хангана, үндэсний цөөнхдөө ч суудал өгнө” гэж нэг онигоо шиг зүйл сонс­сон юм байна. Ер нь бол квоттой холбоотой энэ асуудал нь нэг дуртай дургүй л хийдэг зүйл мэт харагдаж байна?

-Улс төрийн намуудад квот байх ёстой л асуудал. УИХ нь нийгмийн төлөөллийг хангаж байж л тогтвортой байна. Асуудлыг 76 хүний хэрэг гэж харж байгаа болоод л буруудаад байгаа юм. Сонгуулийн хууль гэдэг сонгогчдын эрхийг хамгаалах ёстой л юм бол 76 хүний асуудал гэхээс илүү 2,7 сая хүний асуудал гэж ойлгох хэрэгтэй. Үндэсний цөөнх болсон Казакууд заавал их хуралд байх ёстой. Нийгмийн төлөөллийг парламентад хангаж чадахгүй байна гэдэг ардчилал гажуудалтай л байна гэсэн үг.

-Сонгуулийн хуулийн асуудлаас дутуугүй олны анхаарлыг татаж буй сэдэв Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хооронд өрнөж буй “зөрчил”. Энэ бүхнийг хөндлөнгийн улс төрчийн хувьд дүгнэхгүй юу?

-Энд дүгнэлт хийдэг төрийн байгууллага АТГ, Мөрдөн байцаах газрууд гээд байна. Нийгмийг шуугиулсан нэлээд том хэргүүдийг бие биенийхээ эсрэг гаргаж хэлж байна. Энэ тохиолдолд монголын төрийн байгууллагууд зохих ёсоор л шийдвэрлэх ёстой. Асуудлыг олон нийтээр хэлэлцэж, ардчиллын зарчмаар хэн нэгнийх нь талд орж олонхоор шийдэх зүйл биш. Буруугүй бол нэрийг нь цэвэрлээд, буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

-Ингэхэд танай намын асуудал юу болж байна?

-УДШ-ийн гаргасан шийдвэрт заргалдаад л явж байна. ИЗ-НН нь цаашид үйл ажиллагаагаа хэнээр ч заалгахгүй үргэлжлүүлнэ. Бид нэгдэнэ гэдгээ олонхоороо шийдчихсэн учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд л явна. Энэ тохиолдолд дээд шүүх бүртгэхгүй байж болно. Байж болно ч юу байх вэ, угаасаа ингээд хууль бус аргаар бүртгэсэнгүй. Ингэхээр бид ИЗ-НН-аа байгуулна. Монгол улсын иргэд ямар нам байгуулахаа өөрсдөө шийддэг шүү дээ.

-Нам байгуулах аргаар асуудлаа шийднэ гэж ойлгож болох уу?

-ИЗН-ийг ИЗ-НН болгох замаар асуудлыг шийднэ. Манай намын 90 хувь нь ИЗН-тай нэгдэх шийдвэрээ гаргасан. Үлдсэн 10 хувь нь намаа авч үлдэж болох эсэхээ шүүхээр шийдүүлэх л хэрэгтэй.

-УДШ-ийн шүүгчдийн гаргасан хууль бус шийдвэрийн талаар ерөн­хий­лөгчид бичиг өгч байсан. Үүний хариу ирсэн үү?  

-Энэ нь ерөнхийлөгчийн болоод төрийн дээд байгууллагынханд үнэн бодит мэдээллийг өгөх гэсэн зорилготой. Тэр байгууллагууд үүнийг ИЗ-НН-ын асуудал гэж харахаас илүүтэй, УДШ улстөржсөн шийдвэр гаргаж байна гэж харах хэрэгтэй л байх. Жишээ хэлье. Сарын дараа Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд хуралдаад намынхаа дүрмийг өөрчилж болох нь. Үүнийг нь УДШ бүртгэж болох нь.

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзав уу?

-Уулзсан. Энэ талаар бид ярилцаад шүүхийн шинэчлэл, дараа дараагийн хууль эрх зүйн өөрчлөлтийн тухай санал бодлоо солилцсон. УИХ-ын дарга энэ талаар өөрийнхөө байр суурийг өөрөө хэлэх байх. Иргэний нийгмийн байгууллага нь асуудлаа олонхоор шийдвэрлэх нь ардчиллын зарчим. Үүнийг шүүхээр шийдэх нь өөрөө ардчиллын эсрэг үйлдэл. УДШ-ийн шийдвэр хууль зөрчөөд зогсохгүй ардчиллын тулгуур зарчмуудад заналхийлсэн зүйл. Ийм тохиолдолд иргэний ямар ч байгууллага олонх цөөнхөөр асуудлыг шийдэж чадахаа болино.

-УИХ-ын даргын зүгээс танд ямар байдлаар хандаж байгаа вэ? “Д.Энхбат нь МНН-ыг төлөөлөхгүй” гэх утгатай шаардлагыг түүнд хүр­гүүлсэн болохоор нь ингэж асууж байгаа юм?

-Би Д.Дэмбэрэл даргад хэлсэн “УДШ нь ямар ч МНН-ын тамгагүй бичгийг авч шийдвэр гаргачихсан. УИХ-ын дарга нь энэ асуудлыг хуулийн дагуу л шийднэ биз” гэж хэлсэн. С.Маам, Д.Батбаатар гэж хүмүүс гуравдугаар сард их хурлаа хийж байх үед манай намын гишүүн ч байгаагүй. Ингэхээр намын ч биш хүмүүс аль нэг намын дүрмийг өөрчилж болох л дээ. Асуудлын үнэн мөн сүүлд нь шийдэгдэх байлгүй дээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж