АТГ-ын албан хаагчдын цалинг нэмээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

АТГ-ын албан хаагчдын цалинг нэмээгүй гэв

“Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын цалинг нэмлээ, нэмэхээр боллоо, хоёр дахин нэмэгдүүлэхээр санал гаргаад байна“ гэсэн  мэдээллүүд хэвлэлээр гарч байна. Төрийн албан хаагчдын цалинг ирэх онд нэмэгдүүлэх асуудлыг одоогоор хэлэлцэж байгаа хэдий ч  бусад байгууллагын албан хаагчдын цалинг нэмэхээр болсон тухай бус харьцангуй өндөр цалинтай гэгддэг Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын цалинг нэмсэн гэх энэ мэдээлэл цөөнгүй хүмүүст гайхшрал төрүүлж байгаа юм. Тиймээс Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын цалинг нэмсэн үү гэсэн асуултад хариулт авахаар  тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм билээ. Тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэсэн мэдээллийг УИХ-ын вэб сайтаас авсан. Энд ганцхан Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн цалинг нэмэх тухай асуудал яригдаагүйг хүмүүс ойлгож байгаа байх” гэх хариулт өглөө.

Дашрамд дурьдахад, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн цалин хөлсний хэмжээг Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ тогтоодог аж. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх эцсийн шийдвэр гарвал тэр үедээ заавал  Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас шинэчлэн тогтооно гэсэн үг юм  байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж