Миний дотны найз миний жолооч

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Миний дотны найз миний жолооч

Та “Хатагтай Дейзийн жолооч” гэдэг кино үзсэн үү. Кинонд Хоке Колбар хэмээх хар арьст жолооч болон нэлээн яхир ааштай Дейзи хэмээх бэлэвсэн хөгшний талаар гардаг. Дейзи дунд сургуулийн багш байсан бөгөөд шаардлага өндөртэй, зарчимч нэгэн. Тэрээр ганц хүүтэй боловч хүү нь эхнэртэйгээ Нью-Йоркод амьдардаг. Дейзи нас өндөр гарсан тул түүний хараа муудаж, ном унших, юм оёход бэрхтэй болжээ. Тэр нэг өдөр машинаа жолоодож яваад осол гаргах дөхөв. Үүнийг сонссон түүний хүү урьд нь аавынх нь дор ажиллаж байсан түүний үнэнч туслах Хоке Колбарныг ээжийнхээ жолоочоор ажиллахыг санал болгоно. Эхэндээ хатагтай Дейзи үүнд дургүйцэх боловч Хоке Колбарн түүний амьдралд өөрчлөлт хийж, амьдралын утга учрыг мэдрүүлнэ.

Хамгийн гол нь жолооч Хокийн дүрээр өөрийн ажлаа хэрхэн хариуцлагатайгаар хийх ёстой болон үйлчилж буй эзэндээ дээдэс шиг биш найз нөхөр нь мэт чин сэтгэлээсээ хандах нь хүнд хэчнээн гүн итгэлцэл, дотно сайхан нандин харилцааг бий болгодог болохыг харуулахыг хичээсэн байдаг.

Өнөө цагт нийгэм  хөгжиж, хүмүүсийн хэрэглээ өсч байгаагийн хэрээр янз бүрийн шинэ үйлчилгээ бидний амьдралд нэвтрэн нийгмийн хөгжлийг тодорхойлж байгаа билээ. Үүний жишгээр хувийн жолоочийн хэрэгцээ аль хэдийн гарч иржээ. Харин дээрх кинонд гардаг шиг жолооч олох хэцүү. Тэгвэл манайд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын аргаар захирлын, үйлчилгээний, гэр бүлийн өндөр зэрэглэлийн авто үйлчилгээний жолооч бэлтгэх сургалтыг Монголд нэвтрүүлж эхэлсэн аж. Уг мэдээллийг сонирхон “Express tower”-д байрлах “VIP Driver school”-ыг зорилоо. Үүдэнд нь байрлах “анонс”-ыг харвал өөрийн хувийн жолоочоо давтан бэлтгэх болон нийтийн үйлчилгээний жолооч нарыг харилцааны соёлд давтан сургах кабинетийн 40 цагийн сургалтыг явуулна гэсэн мэдээлэл байв. Тийнхүү дотогш орон “Vip driver school”-ын менежер Н.Отгонжаргалаас тодруулахад “Олон улсад V.I.P жолооч нарын өндөр зэрэглэлийн үйл ажиллагаанд хувь хүн болон эздэд үйлчлэх зорилго бүхий үйлчилгээний томоохон чиглэл байдаг. Үүний нэгэн адил бид Монголдоо анх удаа хувийн жолооч бэлтгэх 14 хоногийн сертификат олгох сургалтыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн явуулж байна. Мөн манай сургалт албан байгууллага болон хувь хүмүүсийн одоо ажиллаж байгаа, шинээр ажилд орох хүсэлтэй жолооч нарт зориулагдсан юм” гэлээ. Ингээд ви ай пи сургалтад өөрөө сууж сонирхохыг хүсэн хичээлийн танхим руу ортол 20-40 насны болов уу гэмээр 15 орчим хүн сууж байсан бөгөөд бүгд л ямар нэг баяртай зүйл болсон мэт инээлдэн шуугилдацгааж байв. Эхэндээ гайхаад тэднийг ажиглаж суутал хичээл орж буй Тулгаа багшийн яриа маш хөгжилтэй басхүү сонирхолтой учир ийнхүү баясах нь аргагүйг ойлголоо. Учир нь тэрээр харилцааны сэтгэл зүйн талаарх хичээлдээ амьдралд ойрхон жишээнүүдээр тайлбарлан харилцан ярилцаж байсан юм. Тийнхүү жолооч хүний аюулгүй ажиллагааны заавар стандартыг мөрдөх түүнийг ойлгуулах талаар хүмүүсийг хоёр хоёроор нь зогсоон анхаарал төвлөрүүлэх болон шалгах дасгалыг хийлгэж мөн видео бичлэг үзүүлж байлаа. “Миний хувьд сургалтыг зарын сониноос мэдээд ирсэн, урьд нь захирлын жолоочоор ажилладаг байсан. Сургалт эхлээд хоёр хонож байгаа хэдий ч бидэнд сурах ёстой зүйлсийг энгийн байдлаар сонирхолтойгоор зааж байгаа нь их таатай байгаа” гэж М.Баярсайхан хэлэв. 

Жолооч хүн тэр тусмаа V.I.P жолоочийн хувьд олон талын ур чадварыг өөртөө агуулсан байх ёстой аж. Харилцааны соёл, зан төрх, бие хамгаалах урлаг зэрэг зүйлс багтана. Жишээлбэл, хурим болон бусад хүлээн авалтын үйл ажиллагаанд үйлчилж байгаа тохиолдолд эмэгтэй хүний даашинзны хормойг хаалганд хавчуулж явж болохгүй нь байна. Хүн болгон дотроосоо гэрлийг цацруулдаг харин тэрхүү гэрэл жолооч хүнээс тодрох агшинд урьдах зам ч дардан байх аж.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж