Тэргүүлэгчид 31 тэрбумаар давсан орлогоо чамлав

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Тэргүүлэгчид 31 тэрбумаар давсан орлогоо чамлав

-ИТХ-ын тэргүүлэгч Ж.Ганбаатар “Цалингаас гадна бидний нүдэнд ил харагддагүй татвар, түрээс, газрын төлбөр гээд олон зүйлээр орлого нэмэгдэх учиртай. Энэ жилийн 31 тэрбумаас  илүү орлого нэмэгдэх ёстой” гэв-

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон ирэх оны төсөв, тэмдэгтийн хураамж, төлбөртэй машины зогсоолын журамд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг сонсч, цаашид ямар арга хэмжээ авах, дараа дараагийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар ярилцлаа.

Төсвийн орлогыг 31 тэрбумаар давуулан биелүүлсэн гэв

Өнгөрсөн онд нийслэлийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 183 тэрбум 707 сая төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 81 тэрбум 629 сая, дүүргүүдэд санхүүгийн дэмжлэг хоёр тэрбум 903 сая төгрөгөөр тус тус баталсан. Харин энэ жил төсвийн орлогоо 31 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай байна гэж дүгнэлээ. Өнгөрсөн жилийн төсвийн талаар нийслэлийн Хөрөнгө орлогын газрын дарга Э.Ганхүү мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилийн нийт орлого нь 138.7, зарлага нь 81.6, улсын төсвөөс 56.1 тэрбумын гүйцэтгэлтэй байсан байна. Энэ жилийн төсвөөс зөвхөн замын хөрөнгөөр 11,2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байна. Энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар 53 тэрбум төгрөг буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. Хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү “Энэ оны төсвийн орлого, зардлын гүйцэтгэлийн 30 тэрбумын ажил хийгдээгүй байгаа. Энэ онд төлөвлөж байсан орлогыг 31 тэрбумаар давуулан биелүүлсэн. Энэ орлого цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор татварын орлого нэмэгдэж давж биелсэн. Энэ жил нийслэлд тохижилт, зам засвар, дүүрэг хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх байр зэрэг олон ажлууд хийгдсэн” гэлээ. Мөн энэ жил дүүргүүдийн давсан орлогыг дүүрэгт нь буцаан зарцуулах шийдвэр гарсан байгаа аж.  Хотын төсвийн орлого, зарлагыг тэргүүлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлж, нийслэлийн 2010 оны төсвийн орлогын давалт дөрвөн тэрбум 531 сая 505 мянган төгрөг болж байна.  2011 оны хөрөнгө оруулалтад нэмж зарцуулах 26 тэрбум 270 сая 494 мянган төгрөгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ирэх лхагва гарагт хуралдах Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр  баталж өгөхийг хүсэв. Тэргүүлэгчид уг асуудалтай холбогдуулан зарим хөрөнгө оруулалтын ажлын талаар тайлбар авахын зэрэгцээ санал хэллээ.  Хөрөнгө оруулалтын задаргааг нэгбүрчлэн хийх ёстойг анхааруулж байлаа.

Орон нутгийн концессоос зургаан газрыг хасахыг хүслээ

Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай нийслэлийн ИТХ-д өөрчлөлт оруулах тухай санал оруулсан юм. Үүнд нийт гурван газрыг концесст нэмэх, таван газрыг өөрчлөх, зургаан газрыг концессоос хасах тухай санал оруулсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн төр захиргааны удирдлагын байрыг орон нутгийн хөрөнгөөр барьж байгаа учраас түүнийг концессоос хасах, Сэлбэ голын эрэг дагуух “Гэрлэн аялгуу” төсөл зэргийг хасах хэрэгтэй гэж үзэж байгаагаа нийслэлийн өмчийн газраас мэдээллээ. Мөн тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай мэдээллийг сонссон юм.

Төлбөртэй зогсоолын үнийг нэмэх шаардлагатай байна гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 4.27 дахь тогтоолоор  батлагдсан нийтийн эзэмшлийн талбайд тээврийн хэрэгслийн зогсоол барих тухай журамд өөрчлөлт оруулахыг хүсэлт гаргасан.  Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хангарьд ордны өмнө, Спортын төв ордон, Дуурийн театрын өмнө зэрэг газруудад төлбөртэй зогсоол барьсан. Төлбөртэй зогсоолд иргэд машины тавихдаа нэг цагийн 500 төгрөгөөр тавьж, түүнд нь хяналт тавьж, хураамж авдаг хүн ажиллуулж байжээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд иргэдээс хураасан энэ мөнгө нь зогсоол барих болон бусад зардлыг нөхөж чадахгүй байна гэсэн тооцоог нийслэлийн Авто замын газар гаргасан байна. Харин тэргүүлэгчид хэлэхдээ “Бид иргэдэд зориулж зогсоол барьж байгаа. Тэнд мөнгө хурааж авдаг хүн өдөрт 10 машинаас мөнгө хураагаад төдөн машин орсон гэвэл хяналт тавьж байгаа хүн байхгүй юм чинь бид өгснийг нь л авна. Харин үүний оронд бусад орны жишгийн дагуу зогсоолын төлбөрөө автомат хураагчтай болгох хэрэгтэй. Мөн хотын төв буюу Сүхбаатарын талбай тойрсон зогсоолуудын мөнгийг өндөр байлгах хэрэгтэй. 5000 төгрөгөөр зогсоолд машинаа зогсоо гэхэд хүмүүс шаардлагатай бол тавина шүү дээ. Тиймээс машины зогсоолын мөнгийг гэр хороолол болон захын хэсэгт нь өөр үнэтэй, төвийн хэсэгт бас нэг өөр үнэтэй байршуулах нь зүйтэй” гэж үзэж байгаагаа хэллээ.

Үүний дараа асуулт хариултууд өрнөж, энэ удаагийн авто зогсоолын талаархи журмын өөрчлөлтийг ИТХ-ын долдугаар хуралдаанаар хэлэлцэхээр болж, ирэх оны төсвийг дахин хэлэлцэхээр боллоо. ИТХ-ын тэргүүлэгч Ж.Ганбаатар “Энэ оны төсөв дан ганц цалин хөлсөөс гадна татвар, түрээс гээд олон зүйлээр орлого нэмэгдэх ёстой байсан. Тухайлбал түрээсийн барилгуудыг бид метр квадратыг 3000 төгрөгөөр түрээсэлдэг бол хувийн хэвшлүүд нь 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Мөн газрын үнэ одоогоор ямар үнэтэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Жил ирэх тусам газрын үнэ нэмэгдэж байгаа энэ үед орлого үүнээс илүү нэмэгдэх ёстой” гэв. Тиймээс төсвийн орлогын задаргааг дахин нягталж дараагийн хурлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх үүрэг өглөө.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж