Ирэх жил нийслэлийн 1800 иргэн ногоо тарих боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Ирэх жил нийслэлийн 1800 иргэн ногоо тарих боломжтой

-Ажил хөдөлмөр эрхэлдэггүй 1800 иргэнээ ажилтай болгох боломж хотод бий гэдгийг ч судалжээ-

Нийслэлийн удирдах ажилтны ээлжилт зөвлөлгөөн өчигдөр боллоо. Энэ хуралдаанаар хөдөлмөр эрхлэлтийн өнгөрсөн жилийн тайланг танилцуулсан бөгөөд нийслэлийн ажилгүй, орлогогүй 800 иргэнийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар ногоо тарьж, орлоготой болсон байна.

Өнгөрсөн хавар нийслэлийн ажилгүй иргэдийг газар тариалан эрхлүүлж ажил, орлоготой болгох зорилгоор төсөл хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр санаачилж улмаар 800 иргэн ногоо тарьж эхэлсэн билээ. Хавар, зун, намрын турш газар тариалан эрхлэх төсөл амжилттай хэрэгжсэн гэж үзлээ. Уг хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар дээр бүртгэлтэй ажилгүй иргэд болон нийслэлийн хөдөлмөрийн биржэд бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг ажил, орлоготой болгох явдал байсан гэдгийг нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр онцолж байлаа.

Нийт 800 иргэнийг сонгож тэднийг бүлгийн зохион байгуулалтад оруулж,  нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Тарвагатайн аманд төмс, хүнсний ногоо тариулсан байна. Тариалалт эхлэх үед Тарвагатайн аманд тариалалтын газрыг гурван трактороор хагалж борнойдон, 100 тн үрийн төмс суулгажээ. Нийт 577 сая төгрөгийн хөрөнгө гаргаж иргэдийг  шаардлагатай багаж хэрэгслээр хангаж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байна.  200 ширхэг гаапуу, 400 ширхэг хүрз, 400 метр усалгааны хуванцар хоолой, 400 ширхэг хор цацагч гэх зэргийг өгчээ. Түүнчлэн газар тариалан эрхлэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж НЗДТГ, ЗАА, нийслэлийн ХАА-н газраас хөдөө аж ахуйн зориулалтын төмөр торон хашаагаар иргэдийн ногоо тарьсан талбайг хүрээлж, цахилгааны шугам татан худаг гаргаж өгсөн байна. Тариалалтын явцад иргэдэд гурван үе шаттай сургалт явуулж тариалалт, арчлалт, хураалтын технологийг Экологийн боловсрол төвийн багш нараар заалгаж, ногоо хэрхэн тарьж, арчлах, ургуулах сургалтуудыг зохион байгуулсан байна. Энэ жил хур бороо элбэг байснаас гадна иргэд өөрсдийн тариалсан тариа ногоогоо арчлах арга техникт суралцсан болохоор үр дүнтэй ажил болсон гэдгийг нийслэлийн хөдөлмөрийн газрынхан онцолж байсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 800 иргэн ажлын байртай болохын зэрэгцээ ургац хураалтаар 500 гаруй тн төмс хураан авчээ. Үүнээс 50 тн төмсийг ирэх жилийн тариалалтдаа зориулан хадгалсан тухай мэдээллийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан хэлсэн. Иргэд энэ хөтөлбөрт ихэд сэтгэл өндөр байсны зэрэгцээ ирэх жил нарийн ногоо тарих хүсэл эрмэлзэлтэй буйгаа ч Хөдөлмөрийн газрын даргаар дамжуулан уламжилсан байна. Ирэх жил 800 иргэн дээрээ нэмж 1000 иргэнийг энэхүү хөтөлбөрт хамруулвал ажил хөдөлмөр эрхэлдэггүй 1800 иргэнээ ажилтай болгох боломж хотод бий гэдгийг ч судалжээ. Гар хөдөлвөл ам тосдоно гэдэгчлэн хөтөлбөрт хамрагдсан 800 иргэн ХХАААҮЯ-наас зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд амжилттай оролцон нэг кг төмсөө 350-400 төгрөгөөр борлуулан ажил амьдралдаа нэмэрлэжээ. 

Ямартай ч нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан ажилгүй иргэдийг орлоготой болгох хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Цаашид 1800, 2000 болгон нэмж чадвал ажилгүй, орлогогүй гэж суух хүн ховор болох биз ээ. Нийслэлд 36 мянга орчим ажилгүй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл эзнээ хүлээж байгаа буюу хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 200 гаруй мянган ажлын байр бий гэсэн тоо ч бий. Гэтэл иргэдийг ажлын байраар хангах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол ажилгүй иргэдийн тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байна гэдгийг нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан хэлсэн. Тиймээс өнгөрсөн хавраас хойш хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ шиг бодитой ажил хийхээр төлөвлөж, судалж байгаа гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж