”Ирэх жилээс мах, буудай урагш гаргана”

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

”Ирэх жилээс мах, буудай урагш гаргана”

ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалтай ярилцлаа.

ЛААЗАЛСАН ВАКУМ МАХНЫ ҮЙЛДВЭР МАШ ИХ АШИГ ОЛНО

-Саяхан БНХАУ-д айлчлаад ирсэн гэсэн.

-2009 оны дөрөвдүгээр сард Хятад Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгулагдсан. Энэ гэрээ нь хоёр улсын хүнсний барааны экспорт, импортын аюулгүй байдлыг хангах зорилготой. Гэрээний хүрээнд хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь дэд сайд нарын хүрээнд. Нөгөө нь түүний дор ажиллах газрын дарга нарын түвшинд ажиллана. Эдгээр ажлын хэсэг сая БНХАУ-д ажилллаад ирсэн.

-Ажлын хэсэг ямар бүрэлдхүүнтэй байна вэ?

-Дээд шатны ажлын хэсгийг Монголын талаас миний бие, Хятадын талаас чанар, хорио цээрийн дэд сайд Пу Чан Чун ахалж байгаа. Доозд ажлын хэсгийг манай талаас МХЕГ-ын дарга, Хятадын талаас Чанар, хорио цээрийн газрын дарга нар удирдаж байна. Ажлын хэсгүүд хоёр жилд нэг удаа хуралдана. Энэ дагуу сая Хятадын Далянь хотод ажлын хэсэг анх удаагаа хуралдсан.

-Юу шийдвэрлэв?

-Хятадын тал бмидэнд шувууны мах, сүүн бүтээгдэхүүн, үхрийн маханд тавьсан хоригоо, манай тал тэдэнд рапс, улаан буудайн экспортын нөхцлөө тохирох, мөн манайд оруулж байгаа төмсний чанар, стандартыг сайжруулах санал тавьсан. Хятад сүүнд тавьсан хоригийг бид 2009 онд цуцалсан байсан. Харин яг Хятадууд өөрсдөө мэдээгүй юм билээ. Шувууны маханд тавьсан хоригоо шувууны ханиад зогссон учраас цуцалсан. Харин үхрийн махны экспорт, импортын хоригийг үхний махйн эрүүл бүсийг хамтарч тогтоосны дараа шийдэхээр болсон. Монголын талаас тавьсан дөрвөн асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж үзэж болно. Хятадаас оруулж байгаа төмсний чанар, стандарт сайжруулах асуудлыг саяхан хүлээж авсан тул судалж байж хариу өгнө гэсэн. Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн болон рапс, улаан буудай Хятадад экспортлох асуудлыг үндсэндээ шийдээд агрын үсэг зурсан.

-Мах дулааны аргаар бловсруулна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Үхрийн махыг 80 хэмийн халуунд 30 минут чанах, жигнэх, шарах хэлбэрээр боловсруулс ан байх ёстой. Хонь, ямааны мах бол 65 хэмээр.

-Манайхаар бол лаазалсан бүтээгдэхүүн экспортлоно гэсэн үг үү?

-Вакуумдаж юм уу, лаазалж гаргана.

-Ажиллагаа ихтэй юм биш үү?

-Бага зэрэг ажиллагаатай. Ажиллаж байж л ашиг олно. Дотооддоо ихээхэн хэмжээний ажлын байр бий болгоно. Малчдын орлого нэмэгдэнэ. Учир нь махыг зүгээр нэг чанаж, шараад гаргачихгүй. Нэлээд өндөр технологитой үйлдвэрт боловсруулах шаардлага тавигдана. Тэгэхээр мах шулах, боловсруулах, савлахаас эхлээд олон ажлын байр нэмэгдэнэ. Дулаан, цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Энэ бүх нэмүү өртөг монголчуудад л болно.

-Хэзээнээс, хэдий хэр смах гаргаж эхлэх вэ?

-Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Мах импекс”, “Хатан сүйх”, “Хүн од” гээд том компаниуд бий. Дээр нь ОХУ руу түүхийгээр нь мах гаргадаг компаниуд ч байдаг. Энэ компаниуд үйлдвэрийнхээ хажууд автоклав гэдэг тоног төхөөрөмж байгуулчихна. Дээр нь сав баглаа боодлын төхөөрөмж суурилуулчихад, бүтэгдэхүүн үйлдвэрлэл нь хэд дахин өснө. ОХУ-аас тавигдаж байгаа шаардлагатай адилаар манай мах экспортлогчид, үйлдвэрлэгчид үйлдвэрээ бэлэн болмогц Хятадын чанар, хорио цээрийн албаны экспертүүд ирнэ. Тэд аттестатчлал хйисний дараа тэнцсэн үйлдвэрүүд Хятадын зах зээлд гаргах боломжтой болно.

-Одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал хэд байгаа вэ?

-Нэг их өндөр биш. Гэхдээ богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Үйлдвэрийн дэргэдээ 60-100 мянган ам.долларын үнэтэй лаазалдаг, вакуумддаг төхөөрөмжийг угсарчихна. Хугацаа ч их шаардахгүй. Тэгэхээр бид махны бизесменүүдэд ОХУ, БНХАУ-ын хязгааргүй зах зээлийг нээж өглөө гэсэн үг. Бизнесменүүдэд хэлэхэд ирээдүйд махны үйлдвэр байгуулбал маш их ашиг олно шүү.


ХӨГШИН МАЛ ХАДГАЛЖ ЗАРДЛАА ӨСГӨХ ХЭРЭГГҮЙ

-Ямар хэлбэрээр санхүүжүүлэх вэ?

-Хятадаас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр 200 сая.ам долларыг ХАА-н салбарт зарцуулна. Үүнд мах, чацаргана боловсруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулна. Мөн баруун, зүүн бүсэд гурилын үйлдвэр, улсын хэмжээнд 130 мянган тонн улаан буудай хадгалах элеваторыг тариалангийн талбайг бүсчлэх замаар байгуулна.

-Нийтээр хэдэн суманд улаан буудай тарьж байна?

-32 суманд тарьж байгаа. Энэ сумдынхаа тариалалтын хэмжээ, байрлалаас хамаарч, хаана, хэдэн тоннын багтаамжтай элеватор байгуулах нь тодорхой болно. Мөн тус зээлээр хадлан бэлтгэх бага оврын тоног төхөөрөмжүүд авна.

-Мах боловсруулах үйлдвэрүүд жилд хониор тооцоход хэдэн сая толгой мах экспортлох бол?

-Ойрын гурван жилд найман сая хоньтой тэнцэх мах гаргана.

-Дотооддоо хэдийг иддэг вэ?

-6-7 сая хоньтой тэнцэх хэмжээний мах иддэг гэсэн тооцоо байдаг.

-Жилдээ гаргаж байгаа махны экспорт, дотоодын хэрэгцээ нийлээд 15 сая толгой хоньтой тэнцэхээр малын өсөлт буурахгүй юу?

-Экспортын таатай орчин бүрдэхээр малын үржлийн бодлогоо эргээд харах хэрэгтэй болно. 2010 оны өвөл манайд 32 сая толгой мал өвөлжсөн. Үүнээс 17 сая нь үржлийнх, 15 сая нь татварын мал байна. Ингээд зундаа 49 сая орчим толгой болно. Эргээд намартаа 30 гаруй сая нь л үлдэнэ. Эндээс харахад бид 15 сая таваарын мал хадгалах хэрэг байна уу.

-Эр хургаа нядал гэсэн үг үү?

-Хургыг бол нэг хоёр жилдээ байлгаж болно. Харин дөрөв, таван жил болсон хонинд жил бүр бэлчээр, ус, өвс хадлан, арчилгаа эмчилгээ есөн шидийн сул зардал гаргах хэрэг байна уу.

-Хөгшдөө ад үздэг залуус шиг бодлого хэрэгжүүлэх нь үү?

-Би хүний тухай биш, малын тухай ярьж байна. Үржлийн малаа олшруулаад таваарын малыг хурдан эргэлтэд оруулбал малын өсөлт буурахгүй. Түргэн эргэлтэд оруулснаар үйлдвэрүүд олширч ажлын байр, малчдын орлого нэмэгдэнэ. Дээр нь дайвар бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрүүд ч баригдана. Тэр чинь сайн боловсруулбал махнаасаа илүү ашиг олно. Тэгэхээр хөгшин мал агуулж зардлаа нэмж, ашгаа бууруулах хэрэггүй л байхгүй юу.

-Тэр үнэтэй бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл байгаа юу?

-Байлгүй яахав. Зүүн өмнөд Азийн болон барууны өндөр хөгжилтэй орнуудад эко бүтээгдэхүүн үнэд орж байна. Химийн бордоо хэрэглээгүй гэдэг утгаараа манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн аль ч оронтой өрсөлдөх боломжтой.

-Буудайг Хятад руу гаргахад ямар нөхцөл тавьж байна?

-Хятад их хэмжээний буудай импортлогч орон. Тэдний стандарт манайхаас өөр. Бид стандарт дээрээ тохирсон. Одоо бизнессийнхэн л ажлаа хийх үлдсэн.

-Засгийн газар яагаад бидэнд өндөр үнэтэй гурил шахаад байна?

-Өндөр үнэ гэдгийн учрыг сайн ойлгох хэрэгтэй. Дотоодын гурил үнэтэй ч бидний мэдлийнх. Одоогийн манай улаан буудайны үнэ Канадтай адил, Америкаас хямд. ОХУ дэлхийн хамгийн том улаан буудайны экспортлогч. Тэдний буудай шиг хямд өртөгтэй буудай хаа ч байхгүй. Тэднээс хөрс өндөр шимтэй, чийглэг манайхаас хэд дахин их, дээр нь буудайны өртгийн ихэнхийг эзэлдэг түлшээ Засгийн газар нь хямдралтай өгдөг байхгүй юу.

-Тэгвэл бид буудай тарих хэрэг байгаа юм уу?

-Биднийг тариагүй байхад Оросууд дэлхийн зах зээлийн үнээр өгдөг биздээ. Тарьчихаар буулгаж байгаа байхгүй юу. Энэ чинь бодлого. Бид өөрсдийн буудайтай байхгүй бол гадныхны хэлсэн үнээр л бид буудайгаа худалдан авах болно. Гэхдээ тариалангийн компаниуд хөл дээрээ босчихвол буудайн үнэ буурч ч болно. Ямар ч гэсэн өөрийн буудайтай болох нь зөв. Өнөөдөр хямд байгаа Орос буудай маргааш хэд болохыг хэн ч таахгүй.

-Буудайнаас түлш гаргаж болно биз дээ?

-Болно. Хаягдал буудайнаас этанол гаргадаг гэнэ. Энэ нь спирттэй төстэй зүйл гэсэн. Түүнээсээ 93 октантай эко түлш гаргадаг технологи байдаг. Ардчилсан намын “Эдийн засгийн хувьсгал” хэлэлцүүлэг дээр нэг компанийн захирал энэ тухай илтгэл тавьсан. Манай орон нутагт ажиллаж байгаад зогчихсон олон спиртийн үйлдвэр байдаг юм байна. Хялбархан тоног төхөөрөмжийг энэ үйлдвэрүүдэд нэмж байрлуулаад л хаягдал буудайг түлш болгож болно. Илтгэгчийн тооцоогоор бол 18 мянган тонн буудайнаас 20 сая литр бензин үйлдвэрлэх боломжтой юм билээ. Энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой л доо. Ер нь энэ хэлбэрээр дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн. Бразилд хэрэгжсэн. Хятадад хэрэгжүүлж байгаа арга.

МАЛЧИД ХОНЬ, ТЭМЭНИЙ ТУШААСАН НООСНЫ МӨНГӨӨ АРВАННЭГДҮГЭЭР САРД АВНА

-Ноосны урамшуулал гээд МХБ-ээр босгосон мөнгө хаана явна?

-Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрүүд 8300 тонн хонины ноос худалдаж авсан мэдээ байна. Хяналттай байх үүднээс сумдын Засаг даргын мэдээг нэгтгэдэг. Энэ хоёр мэдээ адил байх учиртай. Гэтэл орон нутгаас ирсэн мэдээ нь 5200 тонн. Харин үндэсний үйлдвэрлэгч нар болохоор 8300 тонн гээд байна. 3100 тонн ноосны зөрөө гарч байна. Бид ноосоо тушаасан малчид хохирох вий гэдгээс болгоомжлоод орон нутгийг тоогоо дахин нягтлаад аравдугаар сарын 15-наар тасалбар болгоод мэдээгээ ирүүл гэсэн. Танай сониноор дамжуулж орон нутгийн төрийн албан хаагчдад хэлэхэд “Ажилдаа хариуцлагатай хандаач. Бид Засгийн газраас баталсан журмын дагуу үйлдвэрлэгчдийн болон орон нутгийн удирдлагаас ирсэн хоёр тайланг тулган нийлүүлж байж урамшуулал олгоно. Орон нутгаас 5200 тонн ноосны тайлан ирсэн болохоор үйлдвэрлэгчдийн авсан ноосны 3100 тонн нь урамшуулал авах боломжгүй болж байна. Үйлдвэр нь авчихсан байхад малчид нь өгөөгүй байна гэж байхгүй шүү дээ”

-Үйлдвэрүүүд өөрсдөө сайн ноос цуглуулсан байж болохгүй юу?

-Болно. Үйлдвэрүүдийн төлөөлөгч нар сум бүхэнд байгаа. Гэвч зөвхөн малчин л урамшуулал авна. Малчин бүрт худалдсан ноосны падааныг үйлдвэрийн төлөөлөгчид олгох учиртай.

-Тэр малчны өөрийнх нь хонины ноос гэдгийг яаж мэдэх вэ?

-Тушаасан малчны регистрийн дугаар, малын А дансаар тоологдсон тоотой тулгаад мэдчихнэ. Ингэснээр өөр нэрээр тушаах боломж байхгүй. Бас өөрийн хонины хэмжээнээс илүү ноос өгөх боломжгүй.

-Тэгвэл орон нутагт тоогоо мэдэхгүй түшмэдүүд сууж байна гэсэн үг үү?

-Тэр нь ч арай юу юм. Гэхдээ л 2100 тонн ноосны урамшуулал гэдэг чинь 4,2 тэрбум төгрөгийн яриа шүүдээ. Энэ будлиан л арилчихвал ойрын үед мөнгө шилжүүлэхэд бэлэн байгаа.

-Ноолуурын мөнгө өгч байгаа юу?

-Өгч байгаа. Тэр чинь үйлдвэрүүдийг дэмжих мөнгө. Гэхдээ үйлдвэрүүд ноолуур худалдаж авнэ гэдэг чинь бас малчдын гар дээр мөнгө очиж байна гэсэн үг.

-Улирал нь өнгөрчихсөн биз дээ?

-Бага зэргийг алдсан байж болно. Гэхдээ ирэх жил дахиад л гарна шүү дээ.

УЛС ТӨР ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШ НӨХЦӨЛ НЬ ӨНӨӨДӨР БҮРДЭЭД БАЙГАА ЮМ


-Ард түмний амьжиргааг улстөрчийн нүдээр хэрхэн харж байна?

-Сайн биш байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг, өвчлөл дорвитой буурахгүй байна. Засгийн газрын хийж байгаа ажлын 80 хувь нь эдийн засгийн өсөлтийг түргэвчлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг чимхлүүр, нарийн төвөгтэй ажил.

-20 хувь нь?

-Хуулиуд дээр суух, том хуулиудыг зарчмын хувьд сайжруулах.

-Яагаад гэнэт өнөөдөр энэ бүхэнд шамдав?

-Ойлгож байна. Та сонгууль дөхсөн тул гэж хэлэх байх. Сонгууль дөхсөн үед улс төрийн намууд амлалтаа биелүүлэх гэж чармайдаг нь дэлхийн дахины улс төрийн амьдралын жишиг. Энийг нуух хэрэггүй. Гэхдээ үнэхээр өнөөдөр монголчуудад үүлэн чөлөөний наран гэдэг шиг эдийн засгийн алтан үе таараад байгаа юм. Энэ их хөрөнгийг зарцуулах зөв зам тавихгүй бол эм биш хор болж хувирна. Хоёр толгойг ашиглах шийдвэр л биднийг дэлхий дахинд тэр тусмаа хоёр хөршид маань биднийг хүлээн зөвшөөрүүлж байна шүү дээ. Хэзээ дэлхийн том гүрнүүдийн удирдагч нар манай руу өдөр, шөнөгүй цувж, хэзээ манай удирдагчдыг том гүрнүүд урьдаг байлаа. Мах экспортлох, нефтийн үйлдвэртэй болох гэж түрүүчийн засгийн газрууд хичээж л байсан. Бид дотооддоо босгох мөнгөгүй, гаднаас зээлчих эрхгүй байсан нь энэ бүхнийг амжуулах боломж олгоогүй. Харин өнөөдөр томоохон гүрнүүд манайд хөрөнгө оруулах гээд ирчихсэн байна. Энэ хэрээр зөвхөн уул уурхай хөгжөөд байгаа юм биш. Бусад олон салбарт нааштай үзүүлэлт гарч байна.

-Яагаад эдийн засаг нийгэмд хүртээмжгүй байна?

-Яагаад гэвэл манай эдийн засаг түүхий эдийг боловсруулахгүй, эсвэл хагас боловсруулалт хийгээд гаргадаг механизмтай. Энэ нь хэдэн зуун мянган ажлын байраар гадныхныг ажлын байраар гадныхныг ажлын байраар хангаж байна гэсэн үг. Зэсээр жишээ авъя. Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржээр үнээр зарж байгаа. Гэхдээ эндээс боловсруулалт, тээврийн үнийг хасна. Тиймээс бип сэтгэл ханамжтай ажлын байртай болохын тулд энэ хэмжээний зэсийг компьютерийн палатын ялтас болгоод зарвал Лондогийн биржийн үнээс хорь дахин өснө. Ялтас болгохын тулд үйлдвэр байгуулна. Тэнд өндөр мэргэжилтнүүд өндөр цалин авдаг. Ингэж ажлын чанартай байр бий болдог. Таны “ноос шоу” гэж нэрлээд байгаа хонины ноосны урамшууллаар жишээ авч болно. Өнгөрсөн жил монгол ноос 500-600 төгрөгөөр хятадуудын гарт очсон. Малчид энэ жил 14 мянган тонн хонины ноос бэлдэнэ. Энэ 500 төгрөгөөр тооцвол долоон тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл энэ жил ноосоо урагшаа алдвал малчид, ченжүүд, тээвэрчид нийлээд л долоон тэрбум төгрөгөөр нийт ноосоо зарчихлаа гэсэн үг. Тэгвэл энэ хэмжээний ноосоор дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 70 тэрбум төгрөг болно. Энэ чинь л монголд унах ашиг байхгүй юу. Бүх ноосондоо урамшуулал өгөхөд 16 тэрбум төгрөг гарна. Гэтэл тэр мөнгийг ноосонд гаргаснаар бид дотооддоо 70 тэрбумыг босгож байна шүү дээ.

-Танаас бусад нь үүнийг ойлгохгүй байгаа юм уу.

-Ойлгоод байгаа.

-Тэгээд..

-Сонгуулийн хууль саад болоод байгаа юм. УИХ-ын гишүүд Монголын түвшинд биш, өөрийн тойргийн түвшинд шийдвэр гаргаад байгаа юм.

-Юу гэсэн үг вэ?

-Төсвөөр томоохон боловсруулах үйлдвэр барихын оронд хөдөө орон нутагт тараагаад байна.

-Юунаас болж байна?

-Сонгуулийн хуулиас болж байгаа.

-УИХ-ын гишүүн улсыг төлөөдөг болохын тулд яах ёстой вэ?

-Нийт нутаг дэвсгэрээс ерөнхийлөгч шиг сонгогддог байх ёстой.

-Яаж?

-Намуудын нэрээр

Х.БАТТӨГС

Зохиогчийн эрх: “Өдрийн сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж