NBA: Уулзалт дахин үр дүнд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

NBA: Уулзалт дахин үр дүнд хүрсэнгүй

Ажил хаялтыг эцэслэж, NBA-ын улирлыг эхлүүлэхээр тоглогчид болон багийн эзэд, холбооны зохицуулагч нартай уулзалдсаар байгаа ч өдийг хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байна. NBA-ын багийн эзэд болон тоглогчдын төлөөлөл холбооны зохицуулагч Жорж Ковений хамт найман цагийн турш уулзалтын ширээний ард суусан ч шинэ хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах хэмжээнд ямар нэг дорвитой алхам хийж чадсангүй.

Өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусч, шинэ гэрээ үзэглэх болоход тохиролцож чадаагүйн улмаар өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн ажил хаялт зарласан билээ. Тиймээс хуваарийн дагуу энэ сарын эхний өдөр эхлэх байсан лиг өдийг хүртэл эхлээгүй байна.

Хамгийн сүүлийн уулзалтаар эздийн тавьсан саналд NBA-ын тоглогчдын холбооны тэргүүн Дерек Фишер сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Өнөөдөр хөгжөөн дэмжигчид, ордны ажилчид, зогсоолын хянагч, тасалбар борлуулагчид маань хүнд байдалд ороод байна. Тэд үнэхээр сэтгэл дундуур байгаа” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр тоглогчид өөрсдийн авдаг 57 хувийн ашгийг багасгасан ч сөргөлдөгч тал одоо 51 хувийг тулгаж байгаа нь талуудыг хэлэлцээр хийхэд саад болж буйг дурдсан аж.

Багийн эздийн зүгээс 51-49 гэсэн санал тавиад буй.  Энэ талаар Д.Фишер “Бид эдийн засгийн энэ асуудал дээр гэрээ хэлцэл хийхийн төлөө явж байгаа ч NBA бидэнд одоо санал болгож байгаа 51-49 гэсэн хувийг хүлээн зөвшөөрөхгүй бол тэд лхагва гаригт 47 хувийг тулгана гэж байна. 51-49 гэдэг бол 50-50-тай ялгаа байхгүй, шударга бус систем” хэмээжээ. Хамгийн сүүлд тавьсан саналыг хүлээн авах сүүлийн хугацаа нь лхагва гариг бөгөөд тэр өдөр хүртэл саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол 47 хувь болгож багасгах талаар эзэд цухуйлгасан аж.


Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж