Ө.Энхтүвшин: АН шинээр асуудал тавихгүй байх

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: АН шинээр асуудал тавихгүй байх

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын бүлэгт УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор хоёр санал тавьсныг тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хүлээж авсан юм. Тодруулбал, 26 тойрогт  48 мандат хуваарилах саналыг хүлээж авсны зэрэгцээ Улаанбаатар хотод хуваарилах мандатын тоог нэмэгдүүлэхийг ч хүлээн зөвшөөрсөн.

Дээрх асуудлын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс дараах тодруулгыг хийлээ.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Улаанбаатар хотод мандатын тоог гуравны нэгээс доошгүйг хуваарилах ёстой гэсэн шаардлагыг өнгөрсөн хугацаанд тавьж ирсэн. Энэ шаардлагад Улаанбаатар хотод хуваарилъя гэсэн 14 мандат нийцэж байгаа юу?

-Үндсэндээ гуравны нэгд хүрсэн гэж ойлгож болно.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан хоёр саналыг танай бүлэг хоёуланг нь хүлээж авлаа. Одоо тохирох, зөвшилцөх асуудал байхгүй дууссан гэж ойлгож болох уу?

-Хоёр намын хооронд тохироогүй зүйл одоо байхгүй. Нэгэнтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан саналыг манай бүлэг хүлээгээд авчихсан учраас Ардчилсан намаас дахиж шинээр асуудал тавихгүй байх. Хэрэв шинээр асуудал гаргаж тавиад  байвал хэцүү. Зарчмын асуудлуудаа тохирсон болохоор шууд УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа хэлэлцээд энэ сарын дунд гэхэд батлаад, ард түмэндээ зарлая гэж бүлгийн гишүүд шийдлээ. Маргаад суугаад байвал цаг хугацаа л алдана. Тийм учраас манай намын бүлэг сонгуулийн хуулийг шуурхайлахын тулд өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийх нь зүйтэй гэж үзсэнээр ийм шийдвэр гаргасан.

-Эмэгтэйчүүдийн квотын асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Эмэгтэйчүүдийн квотын тухайд байр суурь нэг. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд л пропорциональ элементтэй холимог тогтолцоог авсан. Тийм болохоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан 15 хувиас доошгүй байх тухай заалтаар оруулахад болно бодож байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж