Тоон өргөн нэвтрүүлгийн форум болно

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Тоон өргөн нэвтрүүлгийн форум болно

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг зохион байгуулах гэж байна. Иймд уг форумын зохион байгуулалтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга М.Мэнд-Очиртой уулзлаж тодруулга авлаа.  

Танай байгууллагаас энэхүү форумыг яагаад зохион байгуулах болов?

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батласан. Хөтөлбөрийн  хэрэгжилт явц сайн байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын хэсгүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгт манай байгууллагаас гадна салбарын холбогдох байгууллагууд, салбарын эрдэмтэд, судлаачид, радио, телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдэд телевиз радио борлуулагчид оролцсон байгаа. 

Энэхүү ажлын хэсгүүдээс гаргасан дүгнэлт, санал зөвлөмжийг нийт телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор энэхүү форумыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж байгаа юм.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байна?

Уг хөтөлбөрийн эхний шатны ажлууд үндсэндээ амжилттай хэрэгжиж дуусч байна. Энэ удаагийн форум нэг үгээр хэлбэл хөтөлбөрийн дагуу хийгдсэн ажлуудаа тайлагнах, дүгнэх, цаашид хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаа тодорхойлох зорилгыг агуулж байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Тоон өргөн нэвтрүүлэг”-ийн форумыг хэзээ, хаана зохион байгуулах гэж байна вэ?

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг  2011 оны 11 дүгээр сарын 22-23 өдрүүдэд Чингэс зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Гадаадын олон орны төлөөлөгчид ирнэ, туршлага солилцоно. Форумд манай орны радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох боломжтой.

Танайхаас зохион байгуулж буй форумын талаар сонирхсон хүмүүс хаанаас мэдээлэл авч болох, бас хэрхэн бүртгүүлэх вэ?

Форумын талаарх мэдээллийг crc.gov.mn гэсэн хаягаар авч болно. Харин бүртгэлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд luvsanochir@crc.gov.mn гэсэн цахим хаягт хүсэлтээ гарган  бүртгүүлэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж