
Ноён Пак Хо Хи чуулгын бяцхан жүжигчдийн төлөөллийг цаг зав гарган хүлээн авч уулзсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Дэлхийн олон оронд аялан тоглосон чуулгын маань хүүхдүүд энэ удаа Монголын ард түмэн, хүүхэд багачуудад тоглолтоо сонирхуулах гэж буйд баяртай байгаа. Манай чуулгынхан Балба улсад тоглолтоо хийгээд наашаа ирсэн, эндээсээ Энэхтэг улсыг зорино. Чуулгын маань хүүхдүүд найрал дууг сайн дуулдаг төдийгүй үндэсний бүжгээ чадварлаг бүжиглэдэг, бараг мэргэжлийн гэж хэлж болно. Чуулгад 9-15 насны нийтдээ 150 гаруй хүүхэд байдаг, бяцхан авьяастнуудаа зургаан настайгаас нь сонгон авч гурван жил хичээллүүлээд чуулгадаа авдаг. Энэ удаа бид Монголд 32 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдөр тоглолт хийнэ” хэмээн чуулгынхаа талаар товч танилцуулаад УИХ-ын даргыг гэргийн хамт өнөө орой хийх анхны тоглолтыг ирж үзэхийг урив.
УИХ-ын дарга соёлын сангийн болон хүүхдийн чуулгын төлөөлөлд баяр хүргээд Монголын ард түмэн, хүүхэд багачуудтай урлаг, соёлын сан хөмрөгөө хуваалцаж, Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө.
Сахиусан тэнгэр” чуулгын хүүхдүүд УИХ-ын даргад Солонгосын ардын дуу “Ариран”, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл “Миний аав адуучин”, “Манай адуу” зохиолын дууг дан найрлаар дуулж сонирхуулав. Урын сангаасаа сонирхуулсан чуулгын багачуудад УИХ-ын дарга баяр хүргэж Монголын ард түмэн, улаанбаатарчууд өнөөдөр “Сахиусан тэнгэр” чуулгын бяцхан авьяастнууд та бүхний тоглолтыг үзэхээр хүсэн хүлээж байгаа. Хоёр орны хүүхэд багачуудын харилцан ойлголцол, найз нөхдийн дотно харилцааг улам ойртуулахад танай чуулгын авьяаслаг багачуудын энэ удаагийн айлчлан тоглолт үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гээд хүүхдүүдэд дурсгалын зүйл гардуулж хамтдаа зургаа татуулав. Мөн энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Солонгосын соёлын сангийн хамт олонд талархлаа илэрхийллээ. БНСУ-ын хүүхдийн дуу, бүжгийн “Сахиусан тэнгэр” үндэсний чуулга нь анх хоёр Солонгосын дайнаас өнчирч үлдсэн хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын түвшинд мэргэжлийн тоглолтоороо алдаршиж НҮБ-ын Энх тайвны элч төлөөлөгч болжээ. Тэд АНУ-ын Цагаан ордон, Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байр, Английн Хатан хааны ордон, Москвагийн Кремль, Хойт Солонгосын Пхяньян зэрэг дэлхийн 17 оронд тоглолтоо сонирхуулсан юм байна.