
Хэлэлцүүлгийг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал нээж үг хэлсэн. Түүний араас хамтрагч байгууллагуудын төлөөлөл олон хүн илтгэл тавьсан юм. Тухайлбал, “Худалдааны талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ” гэсэн илтгэлийг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Батбаатар тавьсан юм. Тэрбээр хэд хэдэн тоо баримтыг онцолсон. Манай улсад 2010 оны байдлаар дотоод худалдааны нийт борлуулалт хоёр их наяд 75.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Дотоодын нийт бүтээгдэхүүнд дотоод худалдааны салбарын эзлэх хувийн жин 15 хувь. Үүнийг 2005 оныхтой харьцуулахад 0.1 хувиар нэмэгджээ. Энэ салбарт ажиллагчдын тоо 146.2 мянга бөгөөд энэ үзүүлэлтийг мөн оныхтой харьцуулахад 5.7 хувиар өсчээ. Ажиллагсдын сарын дундаж цалин эдүгээ 231.6 мянган төгрөг байгаа юм байна. Харин ажиллагсад 2005 онд 73 мянган төгрөг авдаг байжээ. Худалдааны борлуулалтаар аймгуудыг жагсаахад Дархан-Уул, Өмнөговь хол түрүүлж, Говьсүмбэр, Дорноговь адилхан 27.1 хувийн дүнтэйгээр удаалжээ. Дараа нь Төв аймаг явна. Аймгуудаас худалдааны борлуулалт багатай нь Булган, Сүхбаатар, Хэнтий байх бөгөөд Сэлэнгэ аймаг 1.5 хувийн үзүүлэлттэйгээр хамгийн бага борлуулалттай гэж графикаас харагдаж байна. Үүнийг тус аймагт худалдаа гэхээс илүү өөрсдийн гарын бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангах нь илүү юм хэмээн ойлголоо. Эдүгээ манай улсад худалдааны салбарын эрх зүйн орчин Иргэний, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Өрсөлдөөний тухай, Хүнсний тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай, Компанийн тухай гэх мэт хуулиудын харилцааны хүрээнд бүрдсэн аж. Илтгэгч Б.Батбаатарын хэлж буйгаар эдүгээ хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд Хүнсний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байгаа аж. Энэхүү хуулийг баталснаар гарах эерэг үр дагаврыг тэрбээр нэрлэсэн юм. Энэ салбар дахь баримт бичгүүдийн нэгдсэн уялдааг хангасан Монгол Улсын гадаад, дотоод худалдааг зохицуулсан багц хуультай болно. Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлөө худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үндэсний эрх зүйн цогц арга хэрэгсэлтэй болох юм байна. Нийгэм, эдийн засгийн үр дагавар ч их. Гадаад, дотоод худалдааны нэгдмэл зохицуулалт бий болно. Эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой ажээ. Энэ өдрийн хэлэцүүлэгт МХЕГ-ын хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсан илтгэл тавих ёстой байсан ч тэрбээр ирээгүй учир тус газрын улсын ахлах байцаагч Я.Батцагаан өмнөөс нь илтгэсэн юм. Түүний ярьснаас эдүгээ худалдааны салбарт зонхилж буй нийтлэг ямар зөрчил байгааг онцлон авч үзлээ. Хүнсний мухлаг, павильон, ТҮЦ, төмөр чингэлэгт болон ил зайдгай худалдаалж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь чанарын баталгаажуулалтад хамрагдсан эсэх нь тодорхойгүй байдаг, бараа ширхэглэж зарах, барааны борлуулалт удаан байдгаас хадгалах хугацаа дуусч, хадгалах горим зөрчсөөр байгаа, энэ бүхэнд шалгалт хийдэг ч бодит үр дүн хангалтгүй зэрэг зөрчлийг дурдаж байлаа. Түүнийг илтгэж дуусахад цөөн хэдэн асуултад хариу авсан юм.
-Та Ерөнхий газарт хүнсний чиглэлийн улсын ахлах байцаагч ганц та байдаг гэж хэллээ. Та ганцаараа улсын хэмжээнд хүнсний хяналт шалгалт хийж амждаг юм уу?
-Амждаггүй. Бид байнга хүн хүч, мэргэжилтэн нэмж өгөөч гэж асуудал тавьж байдаг юм.
-Хэн байцаагч нэмэх, томилох асуудлыг хариуцдаг юм, яам уу?
-Засгийн газар л мэднэ. Манайх Засгийн газрын тохируулагч агентлаг шүү дээ.
-Танайхаас байцаагч, мэргэжилтэй боловсон хүчин дутуу, хэрэгтэй байна гэж хэдэн удаа дээд газартаа хандаж байсан бэ?
-Байнга. Даргын зөвлөлийн хурал бүрээр ярьдаг асуудал маань энэ.
Түүний ийн хэлснийг яаж ч бодоод ойлгосонгүй. Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг ганцхан ахлах байцаагч байхаар олон түмэн яаж эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх вэ.
Нийт худалдааны газрын 50.5 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй, 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын горим онцгой, нөхцөл шаардагддаг хүнс, гоо сайхан, ахуй химийн барааг технологийн дагуу хадгалж худалдаалдаггүй, 26 хувь нь ТҮЦ, чингэлэг, ил задгай худалдаагаар хүнсний болон түргэн гэмтэх барааны худалдаа эрхэлж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эрсдэл үүсгэх нөхцөл бүрдүүлж байна. Худалдааны эрх зүйн зохицуулалтгүйгээс чанар, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангахгүй хүнсний болон хүнсний бус бараа, бүтээгдэхүүн зах зээлд хяналтгүй нийлүүлэгдэж, зарим тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулж байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ганзагын наймаа буюу хувь хүмүүс импортоор бараа бүтээгдэхүүнийг хүссэн тоо хэмжээгээр чөлөөтэй оруулж байгаа нь хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй бодис, бараа, хуурамч эм орж ирэх нөхцөл бүрдэж байгаа асуудлыг ч таслан зогсоох эрхзүйн боломжгүй байна.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин
