
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан хоёр дахь санал нь Улаанбаатар хот дахь мандатын тоог нэмэгдүүлэх тухай байлаа. Уг саналыг МАН-ын бүлэг хүлээж авсан, ингэхдээ Улаанбаатар хотод хүн ам өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэж 14 мандат, орон нутагт 34 мандатыг хуваарилах зарчмаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа цааш үргэлжлүүлэн хэлэлцээд явъя гэж үзсэн байна. Зарчмын дээрх шийдлийг гаргаснаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын дундуур батлах боломж бүрдэж буй аж. Нэг үгээр хэлбэл, хоёр намын бүлгийн төвшинд одоо бие биедээ санал тавих асуудал үүгээр цэг тавигдаж байна. Хэрвээ аль нэг бүлэг нь дахин санал тавибал өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн шиг гацаа үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэхүү хоёр саналаар үндсэндээ асуудал цэгцэрч байна гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдээллийнхээ үеэр онцоллоо.
Тус бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаатай холбогдож буй юм. УИХ болоод Засгийн газраас 2010 онд баталсан тогтоолын хүрээнд бол дээрх компанийн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалахаар тусгасан юм. Гэвч үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүд цөөн байгаагийн зэрэгцээ зөвхөн 2700 хүний гарт дээр дурдсан 10 хувийн хувьцаа төвлөрч тэгш бус хуваарилалт үүсэх болж буй тул ард иргэддээ нэмж “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг эзэмшүүлье хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар хуулийн төсөл санаачилсныг тус бүлэг өнөөдрийнхөө хуралдаанаас дэмжжээ. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө бүлэг ажлын хэсэг байгуулж, улмаар нэмэлт судалгааг гаргуулсан байна. Үүний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд хуваарилснаас ард түмэндээ хуваарилах нь зүйтэй юм гэж үзжээ. Гэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдэд боломж нээжээ. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг иргэд авахгүй мөнгө болгоно гэж үзвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжид санал болгох замаар эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх зарчмын шийдэлд хүрсэн юм байна.
Гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвтэй холбогдож буй юм. Найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийнхэнд бүлгийн гишүүдийн зүгээс “2008 оны УИХ-ын сонгуулиар амласан том том амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд санал оруулж ирэх ёстой” гэх даалгавар өгчээ. Нөгөөтэйгүүр, 2012 оны төсөвт их засвар хийх болон техник технологи худалдан авахтай холбоотой асар их зардал тусгагдсан байгаа аж. Тэдгээрийн задаргааг нарийвчлах, аймгуудад тавигдсан хөрөнгө оруулалтыг нягталж дүн шинжилгээ хийх. Зарим аймагт хэт өндөр хөрөнгө оруулалт тавигдсан бол заримд нь бага байгаа. Ямар үндэслэлээр ийм зөрүүтэй хөрөнгө оруулалт тавигдсаныг нягтлах. Гуравдугаарт төсвийн урсгал зардлыг авч үзэх. Аль болох бууруулах талд ажиллах. Тэр дундаа техник хэрэгсэл, ширээ сандал худалдаж авахтай холбоотой зардлыг царцаах.
Хөрөнгө оруулалтуудын эх үүсвэрийг тодорхой болгох. Төсөвт тусгагдаагүй боловч 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн зөрүүг аль болох багасгах талд ажиллах. Алслагдсан болон говийн бүсэд амьдарч байгаа иргэдэд бүсийн нэмэгдэл олгох. Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийн хувь хишгээ ямар байдлаар авах нь тодорхойгүй байгаа 2.2 сая иргэнд тэдгээрийг нь олгох талд анхаарах гэсэн даалгаврыг энэ удаагийн бүлгийн хуралдаанаас ажлын хэсэгт өгчээ.