Б.Наранбаатар Бундеслигт зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар Бундеслигт зодоглож байна

Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигт зодоглож байна. Хэдийгээр Германы гэх тодотголтой боловч Европ тивийн шилдэг тамирчид тэндхийн клубуудтэй гэрээ байгуулсны дагуу аль нэг клубыг төлөөлөн барилддаг учир албан бусаар Европын лиг гэгддэг өрсөлдөөний томоохон талбар юм. Б.Наранбаатар өнгөрсөн жил Зарбрукен хотын “KSV Kollerbach” багтай гэрээ байгуулж, есөн тойргийн барилдаан хийснээс наймд нь ялснаар багаа плей-оффын шатанд шалгарахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Энэ жил тэрбээр дахин “KSV Kollerbach” клубт барилдаж байгаа юм. Бундеслиг нь ерөнхийдөө хөлбөмбөгийн лигийн дүрэмтэй ижил бөгөөд нийт 20 баг өрнөд, дорнод бүсэд хуваагдаж, өрсөлддөг байна. Нэг баг чөлөөт болон сонгомол бөхийн тус бүр долоон жинд нийт 20 тамирчнаа сойдог бөгөөд ингэхдээ 66, 74 болон 84 кг-ын жинд тус бүр хоёр, харин бусад жинд нэг нэг тамирчин өрсөлддөг ажээ. Б.Наранбаатарын хувьд чөлөөт бөхийн 60 кг-ын жинд багаа төлөөлж буй. Одоогийн байдлаар Б.Наранбаатар дөрвөн барилдаан хийж, гуравт нь ялаад байна.

Аравдугаар сарын 22-нд “KSV Kollerbach” клуб “ASV Mainz 88” багийг 19:16 харьцаатай ялсан бөгөөд Б.Наранбаатар өөрийн жинд Атмир Хромовыг 0:2, 0:2, 5:2, 7:0, 1:0 харьцаатай ялжээ. Харин дараа нь аравдугаар сарын 29-нд “RWG Mombris-Konigshofen” багтай барилдаж, баг нь 15:25 харьцаатай ялагдсан байна. Энэ тулаанд манай тамирчин Владимир Дубовытой таван үе барилдаж, 0:1, 0:1, 1:0, 1:0, 0:3 харьцаатай ялагдсан бол аравдугаар сарын 30-нд “KSV Kollerbach” клуб “TSV Musberg” багийг 29:9 харьцаатай буулган авахад Б.Наранбаатар өрсөлдөгчөө 1:0, 3:0, 2:0 харьцаагаар гурван үед ялжээ. Харин дөрөв дэх тойргийн барилдаанаа өнгөрөгч бямба гаригт хийсэн бөгөөд энэ удаад Робин Пельцерийг 4:0, 6:0, 5:0-ээр илт давуу буулган авчээ. Баг нь энэ тойрогт 23:13-аар ялалт байгуулсан байна.

“KSV Kollerbach” клуб тавдугаар тойргийн барилдаанаа энэ сарын 12-нд “KSK Konkordia Neuss” багтай хийнэ.

Дашрамд сонирхуулахад, Бундеслигийн барилдааны дүрмийн дагуу тамирчид жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, мөн нийт таван үе барилддагаараа онцлогтой юм. Барилдааны туршид гурван үед ялалт байгуулсан тамирчинд ялалт өгдөг ажээ. Иймээс тамирчин хүнээс өндөр төвшний бэлтгэл сургуулилт, техник, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж