
Сэтгүүлч Д.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас Улаанбаатар паласт зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая ам.долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг “бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүсчээ. Өнгөрсөн хугацаанд Г.Уянгыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авахаар хоёр ч удаа албадан саатуулахыг завдаж байсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр Г.Уянгыг гэрээсээ гарч явахад нь цагдаагийнхан хавтаст хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүлэг өгөхийг шаардан албадан авч явсан. Харин Г.Уянга өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр суллагдаж байв. Шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, н.Цэндсүрэн нар оролцох аж.