Дорнодын барилдаанд Б.Одгэрэл түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Дорнодын барилдаанд Б.Одгэрэл түрүүлэв

Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн гурван жилд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг аймгуудын нэрэмжит болгон зохион байгуулах болсон бөгөөд энэ удаагийнх буюу дөрөв дэх нь Дорнод аймгаар овоглосон юм. Барилдааныг “Дорнод нутаг” клуб, Монголын үндэсний бөхийн холбооноос хамтран зохион байгуулжээ.

Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, О.Гантулга, аймгийн арслан Д.Батжаргал, О.Баярхүү, А.Сүмбээ нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон. Харин үзүүр, түрүү булаалдахаар Сэлэнгэ аймгийн хоёр бөх үлдсэнээс Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Доолт” компанийн бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар шалгаран үлджээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж