Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-нд Өмнөд Африкийн Кейптаун хотноо боллоо. Дэлхийн 65 орны 512 (эрэгтэй 311, эмэгтэй 210) жүдоч зодоглосон тус тэмцээнд Монголын залуу тамирчид эрэгтэй 12, эмэгтэй тав, нийт 17 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцов. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд аваргуудыг тодруулсан бөгөөд Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт Өмнөд Африкийн тамирчин Шантель Доддемеадыг цэвэр, дараа нь Голландын Николинь Албертсыг вазари үнэлгээгээр, улмаар Узбекситаны жүдоч Гулноза Матниязоваг юүко үнэлгээгээр ялж, хэсгийн аварга болжээ. Хагас шигшээ барилдаанд Ц.Наранжаргал Германы бөх Лиза Шнайдерийг цэвэр ялж, финалдсан ч шийдвэрлэх барилдаанд Австрийн Бернадитт Графт цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болжээ. Монголын бусад тамирчдаас эрэгтэйчүүдийн -81 кг-д Л.Отгонбаатар долдугаар байрт шалгарсан амжилттай оролцжээ. Ингэснээр багийн дүнгээр 65 орноос 11 дүгээр байрт шалгарсан байна.

Харин Японы жүдочид 12 алт, нэг хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол ОХУ /2-4-3/ болон Австри /1-0-1/-ийн баг удаалжээ.


Зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж